“Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Н.Цэрэнсамбууг авлигын хэрэгт шалгаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Гашуунсухайт авто зам” ХХК-ийг удирдаж буй Н.Цэрэнсамбууг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулаад суллажээ. Тус газрын мөрдөгчид, холбогдох бусад албаныхан түүнийг шалгах ажлын хүрээнд хоёр ч объектод прокурорын зөвшөөрсний дагуу нэгжлэг хийсэн гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Цэрэнсамбууг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн хэрэг нээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Түүний талаар тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн удирдлага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан хөрс хуулалтын тендертэй холбоотойгоор албан үүргээ хэрэгжүүлээгүй, гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.