“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийн захирлуудад Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн харьяалах анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд хүдэр худалдан авах гэрээ байгуулахын тулд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

Д.Үнэнбатад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтыг үндэслэн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

Мөн дээрх Г.Эрдэнэсүх болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Дугаржав нарт баяжуулах үйлдвэрээс нь гарсан завсрын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээг шуурхай батлуулж, уг гэрээний дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зорилгоор “Мандахгранд”, “Хулагухолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хатанзориг 40 000 ам.доллар буюу 135.7 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

Б.Хатанзоригт дээр дурдсан зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.