АНУ, ОХУ болон Украины төлөөлөгчид Абу Даби хотноо энхийн хэлэлцээ хийхээр төлөвлөжээ
АНУ, ОХУ болон Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын эхний хагаст Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо гурван талт уулзалт хийж, энхийн хэлэлцээг сэргээхээр төлөвлөөд байна. Эхний шатанд гурван улсын ажлын хэсэг техникийн түвшинд уулзалт хийж, цаашид төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах суурийг тавихаар зорьж буйг талууд мэдээллээ.
Уг уулзалтыг товлоход АНУ-ын засаг захиргааны тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нарын дипломат шат дараалсан уулзалтууд гол түлхэц болсон байна. Тухайлбал, Стив Уиткофф Норвегийн Осло хотод Украины төрийн тэргүүн Володимир Зеленский болон Норвег, Финландын удирдагчидтай уулзсаны дараа Санкт-Петербург хотыг зорьж, Владимир Путинтэй гурван цаг орчим хэлэлцээ хийжээ. Үүний үр дүнд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болон туслах Юрий Ушаков нар арваннэгдүгээр сарын 10-ны хавьцаа Абу Дабид хэлэлцээнд оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын "Hudson Institute"-ийн цахим арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгдэхдээ, техникийн түвшний яриа хэлэлцээ үр дүнтэй болбол Дональд Трамп, Владимир Путин болон түүний оролцсон дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм. Мөн уулзалт болох боломжит байршлаар Абу Дабигаас гадна Швейцар улс яригдаж байгаа бөгөөд талууд байршлын хувилбаруудыг авч үзэж байна.
Энэхүү хэлэлцээний гол зорилго нь зөвхөн түр гал зогсоох төдий бус, мөргөлдөөний дараах аюулгүй байдлын архитектурыг цогцоор шийдвэрлэхэд чиглэж буйг ОХУ-ын тал илэрхийлсэн юм. Харин Украины зүгээс олон улсын бат бөх аюулгүй байдлын баталгаа авах, зэвсэгт хүчнээ дор хаяж 10 жил санхүүжүүлэх нөхцөлийг тусгах шаардлага тавьж, уг үйл явцад Европын улсуудыг татан оролцуулах нь чухал гэсэн байр суурь баримталж байна.
Өмнө нь аравдугаар сард төлөвлөгдсөн яриа хэлэлцээ Оросын талаас шалтгаалан цуцлагдаж байсан түүхтэй тул энэ удаагийн уулзалт бодит ажил хэрэг болох эсэх нь Москвагийн бодит байр сууринаас шууд хамаарна гэдгийг Володимир Зеленский санууллаа. Гэсэн хэдий ч техникийн шатны зөвшилцөл амжилттай үргэлжилбэл мөргөлдөөнийг намжаах чиглэлд томоохон ахиц гарч, төрийн тэргүүн нарын түвшинд энхийн шийдэл эрэлхийлэх зам нээгдэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.