Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2026 оны аравдугаар сарын 23-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд 188 удаагийн (ойн 40, хээрийн 148) ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ой, хээрийн гал түймэр гарсан газар нутгийг байршлаар нь авч үзвэл Зүүн бүсийн гурван аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт, Сүхбаатар аймагт 46, Хэнтий аймагт 31 түймрийн тохиолдол бүртгэгджээ.
Ой, хээрийн түймрийн аюулаас гурван айл өрхийн найман иргэний амь насыг авран хамгаалж, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 11,278 га, хээрийн 1,896,666 га, нийт 1,907,944 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 2216 алба хаагч, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, хоёр нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.