🔴Н.Учрал: Иргэдийн саналыг хүндэтгэж Оюутолгойн ногдол ашгийг дэд бүтцэд хуваарилах хуулийн төслөө татан авч байна

AI хөрвүүлсэн
🔴Н.Учрал: Иргэдийн саналыг хүндэтгэж Оюутолгойн ногдол ашгийг дэд бүтцэд хуваарилах хуулийн төслөө татан авч байна

Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн хэлэлцээрийн хүрээнд хүрсэн үр дүн, төсөвт тусгасан гурван их наяд төгрөгийн зориулалт болон УИХ-аас хуулийн төслийг татан авах болсон шалтгааны талаар Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ. 

Ерөнрхий сайд Н.Учрал: 

-Сүүлийн 17 жилийн хугацаанд Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд бодит өөрчлөлт огт орж байгаагүй. Энэ удаагийн Засгийн газар менежментийн төлбөр болон зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг албан ёсоор амжилттай дуусгаж, гарын үсэг зурсан. Ингэснээр нийт 30 их наяд төгрөгийн зардлыг бодитоор бууруулж чадсан юм. Өмнө нь зээлийн хүүгийн асуудлыг долоон жил тутамд авч үздэг байсныг гэрээнд өөрчлөлт оруулан гурван жил тутамд хэлэлцдэг болгож шийдвэрлэсэн тул дахин хоёр жилийн дараа зээлийн хүүг бууруулах асуудлыг тавих боломж бүрдсэн. 

Өмнө нь ногдол ашиг авах асуудал 2037 оноос нааш яригддаггүй байсан. Засгийн газар энэ хугацааг 10 жилээр наашлуулж, 2027 оноос эхлэн авахаар тохиролцсон. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талын ТУЗ-ийн дарга болон "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсад ажиллах үеэрээ хийсэн албан ёсны мэдэгдэлдээ 2027 оноос ногдол ашиг олгохоо дахин баталгаажуулсан. 

Монгол Улс хуультай орон тул ирэх оны төсөвт Оюутолгойгоос төвлөрөх ногдол ашгийн хэмжээг тодорхой тусгаж, юунд зарцуулахаа хуульчлан баталгаажуулсны үндсэн дээр хөрөнгө оруулагч талд хууль мөрдөх шаардлага тавих стратегийг баримталсан. Хөрөнгө оруулагч тал ногдол ашиг олгохоо зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн тул Засгийн газраас тодорхой тоон дүнг хуулиар эцэслэн шийдвэрлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Засгийн газраас Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас:

- Нэг их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтэд зарцуулах

-Хоёр их наяд төгрөгөөр олон жил шийдэгдээгүй суурь асуудал болох эрчим хүчний хомсдолыг шийдэх зорилгоор ДЦС-3-ын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны зургаадугаар цахилгаан станцын барилгын ажлын 30-50 хувийг санхүүжүүлж, төрийн эзэмшлийн хувийг "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа шиг иргэдэд эзэмшүүлэх

-Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах, 15 дотуур байр барих, уурын зуухаар халдаг сургуулиудыг сэргээгдэх эрчим хүч, батерей хуримтлуурт шилжүүлэн 100 ногоон сургуулийн дэд бүтцийг бий болгох төслүүдийг хэрэгжүүлэхээр өргөн барьсан. 

Гэвч уг асуудлыг УИХ-ын зургаан Байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс тойрог руугаа татсан, зарчмын бус шинжтэй 235 санал гарсан. Энэ нь Засгийн газрын анхны нэгдсэн бодлого, концепцтой нийцэхгүй болж төсөл танигдахын аргагүй болсон тул Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авсан. 

Дээрх шийдвэрийг гаргахад иргэдийн санал асуулга голлох нөлөө үзүүлсэн . "E-Mongolia" системээр явуулсан санал асуулгад 106 мянган иргэн оролцсоноос 57 хувь нь уг хөрөнгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулахыг, 27 хувь нь Хуримтлалын санд шууд хадгалахыг дэмжсэн. Харин төсөл хөтөлбөр санхүүжүүлбэл 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгосон байна. 

Хуулийн төслийг татан авснаар ногдол ашиг авах асуудал цуцлагдаж байгаа хэрэг биш. Ногдол ашиг олгох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байна. Цаашид орж ирэх ногдол ашгийн төлөвлөгөөг эцэслэн тохирч, бүхэлд нь Хуримтлалын санд төвлөрүүлэн хуулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зориулах юм. Бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь инфляцыг өдөөж, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх эрсдэлтэй. Баялгийн сангийн тухай хуулиар бэлэн мөнгө олгох зохицуулалт байхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хуулийг өөрчлөх шаардлага үүснэ. 

Ногдол ашгаар санхүүжүүлэх боломжгүй болсон эрчим хүчний томоохон төслүүдийг өөр хувилбараар үргэлжлүүлнэ. Тухайлбал, ДЦС-6 төслийг Засгийн газар дотоодын бонд босгох замаар 30 хувийг санхүүжүүлж, үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх гарцыг сонгохоор төлөвлөж байна. Мөн аймгуудын дулааны станцуудын тухайд Архангай аймагт хэрэгжиж буй жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр үргэлжлүүлэн зарлах боломжтой гэж үзлээ. Зарим аймгийн станцуудын хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн маргаан БНСУ-ын шүүх дээр шалгагдаж байгаа ч гүйцэтгэл нь дууссан станцуудын ажлыг дуусгах шаардлагатай байгаа. 

Оюутолгойн ордын дагалдах талбай болох "Онтрэ"-тэй холбоотой лиценз шилжүүлэх ойлголт байхгүй. Стратегийн орд газартай холбоотой асуудлыг зөвхөн УИХ бие даасан Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталж шийдвэрлэх эрхтэй, Засгийн газар эсвэл Ерөнхий сайдад ямар нэгэн амлалт, үүрэг авах эрх байхгүй. 

2019 оноос хэрэгжиж буй татварын цахим системийн дагуу ААН-үүд өөрсдөө нэхэмжлэх үүсгэж татвараа төлдөг. Татварын ерөнхий газраас "нэхэмжлэх үүсгэхгүй" гэж хоёр удаа татгалзсан хариу өгсөн боловч тухайн компани цахимаар өөрсдөө нэхэмжлэх үүсгэн татвараа урьдчилан төлсөн байна. Хуулийн дагуу Татварын байгууллага оны эцэст нийт суутгах татвараа харж тооцоод, суутгахыг нь суутгаж, илүү төлөлтийг буцаадаг зохицуулалттай бөгөөд төрийн албан хаагч хуулиа л хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүд асуудлыг судалж үзэлгүйгээр, олон нийтийн сүлжээнд лайв хийн төрийн албан хаагчдыг буруутгаж, улстөржүүлж байгаа нь буруу гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.