ОХУ-д хүрэн баавгай суурин газар руу дайрах тохиолдол буурахгүй байна
Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт хүрэн баавгай суурин газар руу орж ирэн хүн рүү дайрах тохиолдол эрс олширч, аравдугаар сарын эхний байдлаар нийт 26 хүн амиа алджээ.
Тус улсын 41 бүс нутагт зэрлэг араатан суурин газар болон дэд бүтцийн байгууламжид ойртсон баримт бүртгэгдсэн нь байгаль орчны томоохон хямрал нүүрлэснийг харуулж байна. Хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнд тархсан баавгайтай тулгарсан тухай мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн бөгөөд асуудал орон даяар хурцадмал хэмжээнд хүрээд байна.
Эрдэмтэд болон биологичдын тайлбарлаж буйгаар баавгайн түрэмгий зан авир нь цаг уурын огцом өөрчлөлт болон байгалийн идэш тэжээлийн хомстолтой шууд холбоотой аж. Мөнх цэвдэг хайлж, нүүрстөрөгчийн ялгаралт нэмэгдсэнээс шалтгаалан ОХУ дахь дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байна. Сибирьт өвөл цас бага унаснаас хөрс гүн хөлдөж, улмаар хаврын ган, зуны хэт халалт залгаснаар баавгайн үндсэн тэжээл болох хуш модны самар, ойн жимс, мөөгний ургац эрс буурчээ.
Түүнчлэн Алс Дорнодын эрэг орчмоор яргай загасны нөөц багасаж, хууль бус агнуур гаарсан нь өвлийн ичээндээ орохоор бэлтгэж буй өлсгөлөн амьтдыг илчлэг хайн хүний суурин бараадахад хүргэсэн байна.
Байгалийн амьдрах орчин сүйдсэн нь нөхцөл байдлыг улам дордуулжээ.
Сансрын хиймэл дагуулын зургаас харахад Красноярскийн хязгаар зэрэг бүс нутгийн тайга ой нь түймэр болон мод бэлтгэлийн улмаас шатрын хөлөг мэт сийрэгжиж хуваагдсан байна. Ойн экосистем эргэн сэргэхэд багадаа 60, цаашилбал хэдэн зуун жил шаардагдах учир хоол тэжээлийн талбай нь хумигдсан махчин амьтад ойн гүнээс дайжин гарч ирж байна. Нөгөөтэйгүүр, биологич Николай Онистратенкогийн онцолсноор, хүмүүс өөрсдөө задгай хогийн цэг үүсгэх, амралтын баазын ойролцоо хоол хүнсний үлдэгдлийг ил задгай асгах, автомашинаас амьтан хооллох зэргээр араатнуудад хүний үнэр болон сууцыг бэлэн хоол хүнстэй холбодог болзолт рефлекс суулгаж, тэдний айх айдсыг үгүй хийжээ.
Зэрлэг амьтдын дайралт Хабаровскийн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах Улс, Эрхүү, Кемерово, Томск, Новгород, Вологда, Архангельск муж, Чукотка, Тувад гарсан бөгөөд Тверь, Ярославль, Смоленск, Москва мужийн ойролцоо ч араатнууд үзэгдэх болжээ.
Зарим бүс нутгийн эрх баригчид зохицуулалт хийхээр баавгай агнах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд тухайлбал Красноярскийн хязгаарт агнасан баавгай тутамд анчдад 36.5 мянган рублийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.
Гэсэн хэдий ч зөвхөн агнуураар хязгаарлагдах бус, ил задгай хогийн цэгүүдийг устгах, аялал жуулчлалыг цэгцлэх, ой тайгыг хамгаалах цогц арга хэмжээ авахгүйгээр энэхүү аюулыг бүрэн зогсоох боломжгүйг мэргэжилтнүүд сануулж байна.
Зэрлэг байгаль, хүний нийгмийн хоорондын тэнцвэр алдагдсан явдал нь уур амьсгалын хямралтай уялдан ийнхүү ноцтой үр дагавар дагуулж байна. Экосистемийн доройтол болон хариуцлагагүй үйлдлийн уршиг нь хүний амь нас, аюулгүй байдалд бодит аюул занал учруулж эхэлснийг мэргэжилтнүүд онцоллоо.
Эх сурвалж:
• e1.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.