🔴Б.Түвшин: Алаагүй баавгайн арьсыг хуваахын өмнө санхүүгийн бодит байдлыг тодруулах шаардлагатай
Ардчилсан намын удирдлагууд болон УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл улсын төсвийн төсөл, цаг үеийн эдийн засгийн хүндрэл болон “Оюутолгой” компанийн ногдол ашиг гэгдэх гурван их наяд төгрөгийг иргэдэд олгох асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсвийн төсөл дээр гурван үндсэн байр суурийг баримталж байгаа. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг 1.7 их наяд төгрөг гэж тооцсон байснаа нэмэгдүүлж, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай болгон оруулж ирж байна. АН-ын бүлэг төсвийг алдагдалгүй батлах, ядаж төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх шаардлага тавьж байна.
Төсөв нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцэх ёстой атал түүнээс давсан долоон их наяд төгрөгийн зардал тусгагдсан байна. Төсвийн зардлаа дагуулан хүрээний мэдэгдлээ байнга өөрчилдөг гаж тогтолцоог АН эсэргүүцэж байгаа.
Оюутолгойн ногдол ашиг гэгдэх гурван их наяд төгрөг нь яг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулагч тал нь зургаан их наяд төгрөг авах уу гэдэг асуудал үүснэ.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага нь шийдвэрээ албан ёсоор гаргаж, олон нийтэд зарласан эсэх, санхүүгийн тайлан бүртгэлдээ ногдол ашгаар бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Алаагүй баавгайн арьсыг хуваахын өмнө санхүүгийн бодит байдлыг тодруулах шаардлагатай. Хэрвээ энэ мөнгө орж ирэх аваас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний баялгийн сангийн хуулиараа тус сандаа төвлөрөх ёстой. Засгийн газраас Баялгийн сангийн хуулийг өөрчлөхөөр оруулж ирж буй саналыг АН-ын бүлэг дэмжихгүй гэв.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр:
-Монгол Улсын өнөөдрийн төсөв бол хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн тэсрэх бөмбөг шиг болчихсон байна. Хамгийн харамсалтай нь үүнд Монголын ард түмэн өртөж байна. Иргэдийн 60-70 хувь нь олох орлогоороо амьдрах боломжгүй боллоо. Зөвхөн сүүлийн долоо хоногт л манжин, луувангийн үнэ 15-20 хувиар өссөн байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны өдрийн зардал 3000 төгрөг байна. Ийм үед ард иргэд, залуус, оюутнууд, ахмадуудаа мөнгөжүүлэхгүй бол цаашид амьдрахад бэрх боллоо.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд шууд шилжүүлэн өгөх гэсэн хоёр асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Гэвч уг санал асуулгыг УИХ-ын “D-Parliament” цахим системд байршуулахад гаднаас хакердаж, хоёр секунд тутамд бот хандалт хийн иргэдийг санал өгөх боломжгүй болгож алдаа заалгаж байна.
"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 26 хувийг монголчуудад өгснөөр сүүлийн жилүүдэд иргэд хоёр их наяд төгрөгийн ногдол ашиг авсан. Монгол хүн мөнгө авахаар инфляц өсдөг, Засгийн газар авахаар өсдөггүй гэдэг худал домгоосоо салах хэрэгтэй. Төсвөөр дамжсан мөнгө авлига, цамаан зардалд шингэдэг бол хүмүүс хувийн хэрэгцээндээ хямгач зарцуулдаг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.