АНУ-ын шүүхээс Мета компанид 25 тэрбум ам.долларын торгууль ногдууллаа
АНУ-ын Нью-Мексико муж улсын Санта-Фе хотын нэгдүгээр тойргийн шүүхийн шүүгч Фрэнсис Ж.Мэтью хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалыг зөрчсөн үндэслэлээр Мета компанид 25 тэрбум ам.долларын иргэний шийтгэлийн торгууль ногдуулж, бүрэн төлөгдөх хүртэл жилийн 15 хувийн хүү тооцохоор шийдвэрлэлээ.
Лхагва гаргийн уг шийдвэр нь Америкийн түүхэнд нэг мужаас томоохон корпорацын эсрэг гаргасан хамгийн өндөр дүнтэй шүүхийн шийтгэл болж байна.
Шүүхийн уг маргаан нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Их Британийн улс төрийн зөвлөх "Кэмбриж Аналитика" компани 87 сая хүртэлх фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан гэх дуулианаас үүдэлтэй юм. Бусад 48 муж уг хэргийг Мета компанитай тохиролцон шүүхээс гадуур шийдвэрлэсэн бол Нью-Мексико муж бие даан 2021 онд шүүхэд нэхэмжлэл гарган зарчмын хувьд заргаа үргэлжлүүлжээ. Үүний үр дүнд Санта-Фе хотын тангарагтны шүүх хоёр долоо хоног хуралдсаны эцэст Метаг тус мужийн Шударга бус практикийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.
Шүүхийн шинжилгээгээр Мета компани 2010 оноос 2021 оны хооронд хэрэглэгчийн мэдээллийн хяналт, гуравдагч этгээдийн хандалт, зар сурталчилгааны зориулалтаар өгөгдөл худалдах болон худал мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэгийг зохицуулах асуудлаар олон нийтийг төөрөгдүүлсэн болох нь тогтоогджээ.
Дотоод баримтуудаас үзэхэд гүйцэтгэх захирал Марк Закерберг болон үйл ажиллагаа эрхэлсэн захирал асан Шерил Сандберг нар хэрэглэгчид мэдээллээ бүрэн хянадаг хэмээн олон нийтэд итгүүлдэг удирдамж ашиглаж байсан ч компани уг амлалтаа биелүүлэх чадваргүйг дотоод судалгааны баг нь аль эрт анхааруулсан байсан байна. Шүүгч Мэтью энэхүү үйлдлийг "Фэйсбүүкийн бизнесийн гол зарчимд шингэсэн системтэй хууран мэхлэлт" гэж тодорхойлжээ.
Нью-Мексико мужийн хуулиар санаатайгаар гаргасан зөрчил бүрд 5000 хүртэлх ам.долларын торгууль ногдуулдаг бөгөөд хуурамч мэдээлэл хүрсэн хэрэглэгчдийн тоог үндэслэн нийт 43.9 сая зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Хуулийн дээд хэмжээгээр тооцвол Мета компани 219-220 тэрбум ам.долларын торгууль хүлээх эрсдэлтэй байсан ч шүүгч эрх мэдлийнхээ хүрээнд уг хэмжээг 25 тэрбум ам.доллар болгон бууруулжээ. Мужийн хууль болон үндсэн хуулийн заалтын дагуу уг торгуулийн орлогыг тус мужийн олон нийтийн боловсролын санд шилжүүлэх юм.
Нью-Мексико мужийн Ерөнхий прокурор Рауль Торрез уг шийдвэрийг хэрэглэгчдийн мэдээллийг хууран мэхлэх замаар ашигладаг Цахиурын хөндийн компаниудад өгсөн хатуу дохио бөгөөд ямар ч компани хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байж чадахгүйг баталлаа гэв. Харин Метагийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал Си.Жэй. Махони уг шийдвэр тус мужид бизнес эрхлэх боломжгүй нөхцөл үүсгэж буйг шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөнд татвар ногдуулах оролдлого гэж буруутгажээ. Мета уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, торгуулийг хүчингүй болгох, эсвэл мэдэгдэхүйц бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.