Жирэмсэн ээж, бага насны охидын аминд халдсан М.Батчулууны хэргийг дахин шийдвэрлүүлнэ

Жирэмсэн ээж, бага насны охидын аминд халдсан М.Батчулууны хэргийг дахин шийдвэрлүүлнэ

Бүх насаараа хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны гаргасан “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэх гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэргийг хянан хэлэлцлээ. 

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн орж, хөлд хүнд гэрийн эзэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Гурван настай охины эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, олныг цочирдуулсан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс М.Батчулууныг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг хөнөөхийг завдсан, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр бүрэлгэсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хаалттай дэглэмд хорих ялаар шийтгэсэн юм. 

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс М.Батчулууны “Биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж М-ийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.1, 10.1-2.7 дахь хэсэгт зааснаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.

Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг дахин хянан хэлэлцэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.