Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарчээ
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын гуравдугаар шатны хурал боллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас уг зээлд нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан бөгөөд төсөл хүлээн авах хугацаанд 66 аж ахуйн нэгж бүртгүүлж, үүнээс 41 аж ахуйн нэгж 10.02 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системээр ирүүлсэн байна.
Төслийн сонгон шалгаруулалтыг журмын дагуу гурван үе шаттай зохион байгуулсан. Ингэснээр 41 ААН-ээс эхний шатанд 15, хоёрдугаар шатанд долоон аж ахуйн нэгж тус тус тэнцсэн. Улмаар шаардлага хангасан долоон аж ахуйн нэгж гуравдугаар шатны Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд төслөө танилцуулснаас таван төсөл шалгарчээ.


Шалгарсан төслүүд нь комбуча ундаа, арьсан хувцас, зөгийн хор агуулсан бүтээгдэхүүн, малын гаралтай тосон саван, эхэс боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн чиглэлтэй байна. Энэхүү зээл нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.