🔴О.Номинчимэг: Амттай, үнэртэй, өнгө үзэмжтэй ямар ч цахилгаан тамхийг Монгол Улсад хэрэглэхийг хуулиар хориглолоо
УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хуулийн төслийг өргөн барьсан гол үзэл санаа, зорилго бол ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах явдал байсан. Хэлэлцүүлэг, мэтгэлцээний явцад дэмжсэн болон ашиг сонирхлын зөрчлийн улмаас дэмжээгүй талуудын хооронд нэлээд ширүүн маргаан өрнөлөө.
УИХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Энэхүү хамтын шийдвэрээрээ бид сүүлийн 13 жилийн турш шинэчлэгдэж чадаагүй байсан Тамхины хяналтын тухай хуульд дорвитой ахиц гаргаж, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чухал алхмыг хийсэндээ баяртай байна.
2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдах нэг хэрэг ч, түүнийг чандлан хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Бид зорьсон ёсоороо 2030-2031 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь онцгойлон анхаарч ажиллах болно.
Шинэ хуулиар янжуур болон цахилгаан тамхийг адилхан хортой гэж үзэн, ижил татвар, ижил эрх зүйн зохицуулалтад оруулж байна. Эцэг эхчүүдийн сэтгэлийг хамгийн их түгшээж, хүүхдүүдийн дунд өргөн тархаад байгаа цахилгаан тамхины төрөл бүрийн амт, үнэр, жимсний болон гааны нэмэлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүрмөсөн хориглож байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуусын анхаарлыг татсан амттай, үнэртэй, өнгө үзэмжтэй ямар ч цахилгаан тамхийг Монгол Улсад хэрэглэхийг хуулиар хориглолоо.
Харин хамрын тамхины асуудалд хүмүүс нэлээд эргэлзэж байсан. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналаар хамрын тамхины гааг хориглох тухай санал дэмжигдэж байсан ч эцсийн хэлэлцүүлгээр манай уламжлалт хамрын тамхи ямар ч хориг саадгүй, одоогийн байгаагаараа хэвээр үлдсэн болохыг албан ёсоор хэлье.
Зөвхөн электрон тамхи гэлтгүй бүх төрлийн тамхи нэг гараанаас, нэгдсэн хяналт зохицуулалттай болж байна.
Цахилгаан тамхи бол гангараа биш, бүх төрлийн тамхи хортой. Дэлхийн хамгийн том цахилгаан тамхи үйлдвэрлэгч улс хүртэл амттай, үнэртэй электрон тамхийг дотоодын зах зээлдээ зарахыг хориглодог. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл тамхи импортлогч, үйлдвэрлэгчдийн диваажин байлаа. Жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээлээсээ шахагдахыг хүсээгүй импортлогч компаниудын лобби сүүлийн 13 сарын турш Төрийн ордонд улаан цагаандаа гарсан. Зарим гишүүдэд сонгуулийн зардал өгье гэж амлах хүртэл дарамт, лобби явагдсан. Эцсийн найруулгыг сонсох гэж дөрвөн сар гацсан ч өнөөдөр УИХ-ын 81 гишүүн энэ хуулийг дэмжиж баталлаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.