АНУ-ын Орегон муж дахь бага сургуульд зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ
АНУ-ын Орегон мужийн Бэнд хотод байрлах "Силвер Рэйл" бага сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас насанд хүрсэн нэг хүн, гурван хүүхэд нийт дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарлаа.
Орон нутгийн цагаар 2026 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаргийн 13:00 цагийн орчимд гарсан уг халдлагын дараа зэвсэглэсэн сэжигтэн сургуулийн байр дотор амиа алдсан байдалтай олдсон болохыг хууль сахиулах байгууллагууд мэдээлсэн байна.
Хэрэг явдал эхлэх үед сургуулийн гадаа зогсоолд байсан автомашин руу үл таних этгээд буудсан тухай дуудлага түргэн тусламжийн 911 төвд иржээ. Үүний дараахан зэвсэглэсэн этгээд бага сургуулийн байр руу нэвтрэн орж, гал нээсэн тухай түгшүүрт дуудлагууд цагдаагийн газарт дараалан бүртгэгдсэн байна. Бэнд хотын цагдаагийн алба хаагчид дуудлага хүлээн авснаас хойш гурван минутын дотор буюу 13:02 цагт хэргийн газарт ирэхэд сэжигтэн сургууль дотор аль хэдийн амиа алдсан байжээ.

Бэнд хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шейла Миллерийн мэдээлснээр цагдаа нар гал нээхээс өмнө халдлага үйлдэгчийг хөндлөнгийн иргэн буудан саармагжуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сэжигтнийг өсвөр насны хүүхэд байсан хэмээн CBS News агентлаг мэдээлсэн бөгөөд түүний хэн болох болон халдлага үйлдэх болсон сэдэл шалтгааныг хууль хяналтынхан одоогоор зарлаагүй байна.
Халдлагын улмаас шархадсан хоёр иргэнийг Бэнд хотын гал унтраах албаны түргэн тусламжийн баг "Сент Чарльз" эмнэлгийн төв рүү хүргэжээ. Цагдаагийн байгууллагаас шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгааг баталсан боловч тэдний биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлээгүй байна. Тус бага сургууль нь цэцэрлэгийн наснаас эхлээд тавдугаар анги хүртэлх хүүхдүүд суралцдаг боловсролын байгууллага юм.
Халдлагын дараа сургуулийг нэн даруй хааж, хууль сахиулагчид анги танхимуудыг нэг бүрчлэн шалгаж, сурагчдыг ойролцоох сүм рүү автобусаар тээвэрлэн эцэг эхтэй нь уулзуулжээ. Хэргийн газарт орон нутгийн цагдаа, онцгой байдлын албанаас гадна Орегон муж улсын цагдаа, Холбооны мөрдөх товчоо (FBI), Согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг болон тэсрэх бодисын товчоо (ATF) хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.