🔴Н.Номтойбаяр: Баавгайн халдлагад өртөж амиа алдсан иргэний ар гэрт Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн олговор олгоно

AI хөрвүүлсэн
🔴Н.Номтойбаяр: Баавгайн халдлагад өртөж амиа алдсан иргэний ар гэрт Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн олговор олгоно

Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн нөхцөл байдал, зэрлэг амьтдаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр:

-Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг унтраахаар 103 хүний бүрэлдэхүүнтэй баг олон тооны машин техник, багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг цурамд оруулах чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар нутгийн 80 орчим хувь нь түймэрт өртөөд байна. Хууль тогтоомжийн дагуу хохирлын үнэлгээ тогтоох ажлын хэсэг томилогдон ажиллана.

Түймэр унтраах ажиллагаанд цаг минут тутамд машин техник, шатахуун, хүн хүчний нэмэлт цаг, хоол хүнс, тоног төхөөрөмж зэрэг асар их зардал гарч байна. Нөмрөг нь дархан цаазат бүс нутаг тул экологи, эдийн засгийн үнэлгээ өндөр. Шатсан ан амьтан, байгалийн хохирол тус бүрд үнэлгээ гарна. Тус бүс нь суурьшлын бүсээс 90 орчим километрийн зайтай тул мал бэлчээрлэдэггүй, харин хандгай, буга, баавгай, зэрлэг гахай зэрэг ховор ан амьтад нутагладаг газар юм.

Дархан цаазат болон хилийн зурвас бүсэд дур мэдэн нэвтэрч болохгүй, буруутай этгээд тогтоогдвол хоосон уучлалт гуйх биш, татвар төлөгчдийн мөнгөөр гарсан бүх хохирлыг хуулийн дагуу бүрэн нөхөн төлүүлэх зарчим баримтална. 

Онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тухайд шаардлагатай хөрөнгө оруулалтын мастер төлөвлөгөөг боловсруулсан. Нийт 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Ирэх оны улсын төсөвт тодорхой санхүүжилтийг суулгахаар тусгаснаас гадна Азийн хөгжлийн банктай 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт саяхан гарын үсэг зурсан байна. Мөн улсын хэмжээнд ашиглагдаж буй цаг уурын зургаан радарын дөрөв нь 1999 оных буюу технологийн хувьд эрс хоцрогдсоныг шинэчлэх, Мал эмнэлэг болон Биокомбинатын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх бизнес төлөвлөгөөг гаргуулж байгаа. Дорнод аймаг түймрийн эрсдэл өндөртэй бүс тул ирэх оны төсөвт 30 орчим зэрэглэл бүхий ангиудыг шинээр байгуулахаар төлөвлөсөн. 

Суурьшлын бүсэд зэрлэг баавгай орж ирж байгаа асуудлаар УОК эрсдэлийн үнэлгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулан холбогдох албан даалгаврыг батлуулсан. Аймгуудын Онцгой байдлын газар, Засаг дарга нарт суурьшлын хил заагийг тогтоох үүрэг өгсөн бөгөөд тухайн үед баавгай суурьшлын бүс рүү дөхөж ирсэн 783 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Баавгайд бариулж амь насаараа хохирсон иргэний ар гэрт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн олговор олгоно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.