🔴Ц.Идэрбат: Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газарт оруулна

AI хөрвүүлсэн
🔴Ц.Идэрбат: Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газарт оруулна

Говь-Алтай болон Төв аймагт гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, шүлхий болон годронгийн вакцины нийлүүлэлт, төсвийн тодотгол болон нөөцийн мах бэлтгэлийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Говь-Алтай, Төв аймагт бүртгэгдсэн гоц халдварт өвчний тархалт бүрэн хяналтад орсон. Одоогийн байдлаар халдварын голомтод өвчилсөн 11-12 мянга орчим толгой ямааг устгалд оруулах ажил явагдаж байгаа. Малчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан ч анхан шатны тоо бүртгэлийг нягтлах шаардлага гарсан тул ирэх долоо хоног руу хойшлуулсан.

Ерөнхий сайдаас нэгдүгээрт олон айл хотоо харлуулж байгаа тул хамгийн түрүүнд малчдаа бодож, хохирлыг шуурхай барагдуулах, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлбөрийг төлүүлэх чиглэл өгсөн. Хил гаалиар хууль бусаар оруулж ирсэн эсэх, өвчний анхдагч шалтгааныг Тагнуулын ерөнхий газар болон цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. 

Годрон өвчний тухайд өнгөрсөн долоо хоногоос "Биокомбинат" ТӨХХК дээр вакциныг гарган авах ажил эхэлсэн. Өвчилсөн малаас дээж авах болон шинжлэх ухааны нарийн туршилт, шинжилгээний явц өрнөж байгаа. Засгийн газраас шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн. Ойрын хугацаанд 1.5 сая тун годрон өвчний вакцин үйлдвэрлэж, бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.

Харин шүлхийн вакцины хувьд төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 12-ноос тарилгыг эхлүүлж, баруун, зүүн болон говийн аймгуудад хийж дуусгасан. Дараагийн ээлжийн Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудын малд вакцин тарих ажил төсвийн тодотголоос шалтгаалан түр хүлээгдэж байна. 

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан одоогоор 15 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэх боломж бүрдэж, ААН-үүд худалдан авалтаа эхлүүлээд байна. Нийслэлийн зүгээс нөөцийн мах бүрдүүлэлтэд оролцож буй хувийн хэвшлийнхэнд банкны зээлийн хүүгийн татаас олгох боломжийг бүрдүүлсэн. Махны үнийн өсөлт, бууралт нь зах зээлийн зарчмаар зохицуулагдана. Төсвөөс зөвхөн хүүгийн татаас олгодог тул нийт гарах зардал гүйцэтгэлээрээ эцэслэгдэнэ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд ХАА-н салбар, хүнсний хангамжийг тогтворжуулах, инфляцыг сааруулах хүрээнд 150 орчим тэрбум төгрөг тусгасан байсан. Гэвч УИХ-ын хэлэлцүүлгийн явцад гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд төсвөөс 30 орчим тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал зэрэг бусад салбар руу шилжүүлэн хуваарилсан.

Анх тусгасан 150 тэрбум төгрөгт улаанбуудай, хүнсний ногооны худалдан авалт, шатахууны нөөц, гурилын үйлдвэрүүдийн хүүгийн татаас болон махны татаас гэсэн үндсэн таван чиглэл багтаж байсан. Үүнээс 30 тэрбум төгрөг хасагдаж байгаа тул аль чиглэлд нь тохируулга хийх талаар ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.