“Голомт” банкны ажилтан нийгмийн даатгал төлсөн баримт хуурамчаар бүрдүүлсэн гэв үү
Манайд арилжааны зарим банк, банк бус санхүүгийн байгууллагын албан тушаалтнууд харилцагч иргэдэд зээл гаргаж өгснийхөө хариуд тэднээс хахууль авдаг явдал цөөнгүй гардаг. Тухайлбал, “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын төвийн бүсийн эрхлэгч нь ажилтнуудтайгаа хамтарч автомашины ченжээс 33.3 сая төгрөгийн хахууль авч, зээлдэгч нарын өр, орлогын харилцаа шаардлага хангахгүй байхад хууль, журам зөрчин зээл олгож байсан хэрэгт ял шийтгүүлсэн.
Мөн “Омни капитал” банк бус санхүүгийн байгууллагын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгож шаардлага хангаагүй хүмүүст их хэмжээний зээл олгосон хэрэгт холбогдсон. Эдгээрээс гадна хэдэн жилийн өмнө ХААН банкны “Хархорин” зах дахь салбарын ажилтан нь нэгэн гэр бүлд 150 сая төгрөгийн зээл судалж, гаргуулж өгснийхөө хариуд 15 саяыг нь хахуульд авсан хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж байв.
Бас “Голомт” банкны ажилтнууд ч хуурамч баримт бүрдүүлж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг луйвардаж байсан хэрэгт холбогдсон тохиолдол нэг бус. Хамгийн сүүлд гэхэд тус банкны “Нисэх” тооцооны төвийн ажилтан Г.Замбага гэх хүнд холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй юм. Тэрбээр Т.Номингэрэл гэх хүнтэй хамтарч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хуурамчаар үйлдэн, иргэдэд зээл олгуулсан хэрэгт буруутгагдсан гэнэ.
Уг хэргийг мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Хуурамч баримт бүрдүүлж, чухам хэчнээн хүнд, хэдэн төгрөгийн зээл олгуулан “Голомт” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийсэн нь хараахан тодорхойгүй байгаа юм. Мөн тус банкны “Солонго” салбарын удирдах албан тушаалтан нь бусадтай бүлэглэн 2009 онд 608 сая төгрөг луйвардсан хэргийг хууль сахиулагчид илрүүлсэн ч одоо болтол шүүх эцэслэн шийдвэрлээгүй.
Харин “Голомт” банкны “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Өлзийтогтох хуурамч баримт бүрдүүлэн мөнгө луйвардсан хэрэгтээ дөрвөн жил хорих ял шийтгүүлсэн тохиолдол бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.