Мексикийн миссийг доромжилж байсан нөхөрт Монголын өмнөөс хятад бүсгүй оролцуулах юу ч биш байжээ
Тайланд улсад зохиогдож буй "Miss Grand International-2026" тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс хятад бүсгүй оролцуулсан нь “туурга тусгаар улсыг маш муухайгаар доромжилсон хэрэг” хэмээн монголчууд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ.
Иймдээ ч Гадаад харилцааны яам болон Соёлын яамнаас сэтгүүлчид хурцаар тайлбар нэхээд дорвитой хариу авч чадахгүй байгаа юм. Харин энэ асуудал явж явж Монгол Улсаас Тайланд Улс дахь ЭСЯ-нд хүрч, тус яам тэмцээнийг зохион байгуулагч компаниас удаа дараа тайлбар шаардсан талаараа өчигдөр өөрсдийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Монгол Улсаас Тайланд Улс дахь ЭСЯ болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Оюу нар “Монгол Улсын нэрээр яагаад хятад бүсгүй оролцуулсан бэ гэдэгтээ тайлбар хий?!” хэмээн Miss Grand International Public Limited Company болон түүний гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинаас удаа дараа шаардахад хариу огт өгөлгүй үл ойшоожээ.
Хэдийгээр ЭСЯ-ны мэдэгдэлд "тайлбар авах ажлаа үргэлжлүүлнэ" гэж байгаа боловч нэгдүгээрт энэ тэмцээн өнөөдрөөр дуусаж (2026 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны өдөр болж буй) байгаа, хоёрт энэхүү олон улсын тэмцээнийг зохион байгуулагч Нават Исаракрайсин гэж нөхөр болбоос манайхаар бол М.Нарантуяа-Нара шиг үргэлж шуугиан тарьж явдаг, өөрт нь хандсан сайн муу бүхнийг пиар болгон ашигладаг этгээд учир хариу хүлээгээд нэмэргүй бололтой юм. Өнгөрсөн жилийн үг, үйлдлээрээ хэнийг ч юу ч гэж хэлж мэдэх бүдүүлэг этгээд гэдгээ дэлхий даяар харуулсан энэ нөхөрт тусгаар тогтносон улсын нэрийн өмнөөс өөр орны хүүхэн тайзан дээр гаргах юу ч биш юм байна.
Өнгөрсөн жил юу болсон билээ...

Тэрээр өнгөрсөн жилийн "Miss Grand International" тэмцээний үеэр хожим нь уг тэмцээнд түрүүлсэн Мексикийн мисс Фатима Бошийг “Тэнэг толгойт” (dumbhead) хэмээн хэлснээс үүдэн Мексикийн миссээс гадна ихэнх оролцогчид тэмцээнийг орхин гарч байсан билээ. Тэрээр энэхүү хэлсэн үгнийхээ төлөө хэвлэлийн бага хурал хийн уйлж унжин уучлал гуйж байсан нь одоо ч олон нийтийн сүлжээнд байсаар байгаа.
Miss Grand International-2025 тэмцээний тэргүүн титмийг хүртсэн Фатима Бош, Нават Исаракрайсин хоёрын маргаан одоо ч шүүх дээр байгаа юм байна.
Тухайн үед Нават Исаракрайсин нь “Зохисгүй үг хэлээгүй. Дуу авиаг технологиор өөрчилсөн” хэмээн Бангкокийн цагдаагийн байгууллагад хандсан бол, Фатима Бош Мексикийн Ерөнхий газарт ялгаварлан гадуурхсан, цахим сүрдүүлэг хийсэн хэмээн сөрөг гомдол гаргаж байжээ.
Ийм л нэг хэцүүхэн намтартай хүний зохион байгуулж байгаа тэмцээнд манай улсын нэрээр хятад хүүхэн оролцоод дуусаж байна. Бидний шаардлагыг нохой хуцаж байгаа дайны тоохгүй бизээ.
Төгсгөлд нь нэмэхэд, дэлхий дээр 20 гаруй миссийн тэмцээн байдаг байна. Miss World, Miss Universe, Miss International, Miss earth дөрөв нь Их дөрвөл хэмээн нэрлэгддэг. Нэр хүнд, цар хүрээ нь өргөн. Цаана нь жижиг гэгдэх олон улсын категоритой 20 орчим миссийн тэмцээн байдгийн нэг нь өөрийг нь “тэнэг толгойт” гэж хэлж болохоор Нават Исаракрайсины удирддаг Miss Grand International тэмцээн юм байна.
Тиймээс Соёлын сайд Ж.Алдаржавхлангийн хэлснээр “Жижиг тэмцээн юм билээ. Гэлээ гэхдээ хаях нь хаашаа юм. Анхаарч байна” гэдэг үгээр түрдээ орхихоос яах билээ...
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.