Хайрыг дэлгэцийн хэлээр бүтээсэн болзооны шинэ контент ”FOLLOW”

Хайрыг дэлгэцийн хэлээр бүтээсэн болзооны шинэ контент ”FOLLOW”

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын медиа зах зээлд болзооны реалити шоуны төрөл хүч түрэн орж ирлээ. Central телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоугаар эхэлсэн энэхүү давлагааг мэдээллийн сайтын түүхэнд анх удаа бие даан бүтээсэн TUG.mn сайтын “FOLLOW” реалити шоу амжилттай үргэлжлүүлж, дижитал орчинд нэг сая гаруй хандалт аваад байна.

Гэвч нөгөө талд "Хүн ам цөөтэй, уламжлалт сэтгэлгээтэй Монголын хөрсөнд иймэрхүү болзооны шоу ер нь хэрэгтэй юу?" гэх асуулт нийгмийн сүлжээнд тасрахгүй хөвөрсөөр байгаа юм. Энэ асуултад медиа зах зээл болон нийгмийн сэтгэл зүйн өнцгөөс бодитоор дүгнэлт хийж үзье.

“Гаднын шоуг шүтэхээс өөрсдийн контентыг бүтээх үе рүү”

Өнөөгийн монгол залуус Солонгосын Single’s Inferno, Америкийн Too Hot to Handle зэрэг дэлхийн хэмжээний болзооны шоуг шимтэн үздэг нь нууц биш. Гэвч гаднын соёл, харилцааны хэм хэмжээ нь монгол залуусын сэтгэлгээнээс тэс өөр. Тиймээс өөрсдийн хэл, сэтгэлгээ, соёлд ойр, бидний эргэн тойронд байдаг жирийн залуусын харилцааг харуулсан дотоодын контент үгүйлэгдэж байсан орон зайг эдгээр шоу нөхөж чадсан.

Үүний тод жишээ нь “FOLLOW” шоу юм. Мэдээллийн сайт уламжлалт бичвэрийн хүрээнээс хальж, гадаадад зураг авалт хийн, мэргэжлийн түвшний шоу бүтээсэн нь үзэгчдэд дотоодын контент чанаржиж буйн итгэлийг төрүүлэв.

Залуусын харилцааны толь ба сэтгэл зүйн амралт

Улс төр, эдийн засгийн таагүй мэдээлэл, нийгмийн бухимдал ихтэй өнөөгийн орчинд хайр дурлал, нөхөрлөл, залуусын цангинасан инээд хөөр харуулсан шоу нь үзэгчдэд сэтгэл зүйн жинхэнэ амралт болдог. Түүнээс гадна өнөөгийн залуус хэрхэн танилцдаг, сэтгэлээ яаж илэрхийлдэг, үл ойлголцлыг хэрхэн шийдвэрлэдгийг ямар ч зохиолгүйгээр бодитоор харуулах нь үе тэнгийнхэнд нь өөрсдийгөө тольдох, харилцааны соёлд суралцах боломж олгодог ач холбогдолтой.

Мэдээж аливаа шинэ зүйлд сорилт бий. Монгол Улс хүн ам цөөтэй тул оролцогчдын хувийн амьдрал, өнгөрсөн түүхийг нийгмээрээ шүүх, цахим дарамт үзүүлэх хандлага ажиглагддаг. Мөн гаднын шоуны хэт задгай, зохиомол хэрүүл тэмцэлтэй хэв маягийг шууд хуулбарлавал монгол үзэгчдэд хиймэл санагдаж, дургүйцэл төрүүлэх эрсдэлтэй.

Харин “FOLLOW” шоуны хувьд хэт их драма, зохиомол зөрчил үүсгэхээс илүүтэй оролцогчдын бодит харилцаа, хөгжилтэй уур амьсгал, чин сэтгэлийн догдлолыг түлхүү харуулснаараа энэ эрсдэлийг давж, дижитал үзэгчдийн талархлыг хүлээж чадсан юм.

Товчхондоо, болзооны реалити шоу нь зүгээр нэг цаг нөхцөөх зугаа бус, харин ч орчин үеийн залуусын харилцааны соёлыг тодорхойлогч, дотоодын медиа зах зээлийг хөгжүүлэгч чухал хөшүүрэг болж байна. Гаднын форматыг хуулбарлах бус, монгол залуусын мөн чанар, ёс зүйд нийцүүлэн зөв бодлогоор хийж чадвал ийм төрлийн шоу Монголын хөрсөнд хэрэгтэй төдийгүй цаашид ч улам хөгжих бүрэн боломжтой гэдгийг сүүлийн үеийн амжилтууд баталлаа.

Дашрамд дурдахад, найман залуугийн хайрын эрэл хэрхэн төгсөхийг харуулах “FOLLOW” реалити шоуны сүүлийн буюу зургаа дахь дугаар өнөөдөр буюу 2026.11.28-нд TUG.mn сайт болон TUG.mn YouTube сувгаар үзэгчдийн хүртээл болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.