🔴LIVE: МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн: МИАТ ТӨХК паркаа хамгийн сүүлийн үеийн агаарын хөлгөөр өргөтгөж, 11 дэх онгоцоо хүлээн авлаа
МИАТ ТӨХК паркаа хамгийн сүүлийн үеийн агаарын хөлгөөр өргөтгөж, 11 дэх онгоцоо хүлээн авлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нислэгийн паркаа өргөтгөж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ агаарын хөлгийг хүлээн авлаа. Энэхүү хөлөг нь өмнөх Boeing 737 NG загварын агаарын хөлгүүдтэй харьцуулахад дуу чимээ багатай, зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан бөгөөд нисгэгчийн бүхээг болон техникийн тоноглолын хувьд ихээхэн сайжирч, эдийн засгийн үр ашиг, хэмнэлттэй байдлаараа онцлог юм.
Тус агаарын хөлгийг МИАТ компани ойрын болон дундын зайн чиглэлүүд буюу Улаанбаатараас 1-7 цагийн радиуст орших Токио, Осака, Сөүл, Бээжин болон Тайланд, Вьетнамын зарим хотууд руу үйлдэх олон улсын нислэгт түлхүү ашиглахаар төлөвлөжээ. Шинэ хөлөг нь цагт зарцуулах түлшний хэмжээг 400 килограммаар бууруулдаг бөгөөд үүний үр дүнд жилд олон сая ам.долларын түлшний зардлыг хэмнэх боломж бүрдэж байна. Олон улсын болон дотоодын зах зээлд шатахууны үнэ бараг хоёр дахин өссөн өнөө үед түлш бага зарцуулдаг шинэ агаарын хөлгийг ашиглалтад оруулсан нь төлөвлөгдөөгүй зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм.
“Боинг” компанитай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
МИАТ компани 2024 онд байгуулсан гэрээний дагуу тус хөлгийг хүлээн авч буй бөгөөд цаашид ирэх 10 жилийн хугацаанд агаарын хөлгийн паркийг хэрхэн шинэчлэх талаар дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Боинг” (Boeing) компанитай харилцан ойлголцлын Санамж бичиг зурсан байна. Энэхүү баримт бичгийн хүрээнд нарийн болон өргөн биетийн агаарын хөлгүүдээр паркаа нэмэгдүүлэх үндсэн чиглэлүүдийг тохиролцжээ. Тухайлбал, ирэх онд тус загварын 1-2 ширхэг агаарын хөлгийг нэмж авахаар төлөвлөж байгаа аж.
Мөн ойрын 10 жилийн хугацаанд өргөн биетийн Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг худалдан авахаар урьдчилсан нөхцөлүүдээ тохирч, ирэх оны зургаадугаар сараас өмнө захиалгын гэрээ болгон баталгаажуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд “Боинг” компанид Boeing 787 загварын 2500 гаруй агаарын хөлгийн захиалга ирсэн бөгөөд хэрэв өнөөдөр гэрээ байгуулбал 2036 оноос нааш хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд буй юм. Иймд урьдчилсан Санамж бичгийн хүрээнд нийлүүлэлтийн хугацааг наашлуулж, таатай нөхцөлүүдийг тохиролцсон нь паркийн шинэчлэлд томоохон түлхэц болжээ.
Одоогоор тус компанийн нийт 11 агаарын хөлгийн 9 нь “Боинг” компанийнх бөгөөд нэг үйлдвэрлэгчийн онгоцыг дагнан ашиглах нь нисгэгчдийг сургаж бэлтгэх, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх, засвар үйлчилгээний зардлыг бууруулахад давуу талтай байдаг байна.
Олон улсын жишгийн дагуу түрээсийн загварыг сонгожээ
Дөнгөж хүлээн авсан агаарын хөлгийн үйлдвэрлэгч нь “Боинг” компани бөгөөд эзэмшигч “Dubai Aerospace” компаниас түрээсийн нөхцөлөөр ашиглахаар гэрээлжээ. МИАТ компанийн паркад буй 11 агаарын хөлгөөс өөрийн өмчлөлийн нэг Boeing 767 хөлөг байдаг бол бусад нь түрээсийн онгоц юм. Олон улсын иргэний нисэхийн компаниудын 70 орчим хувь нь агаарын хөлгөө нэг дор худалдаж авахаас илүүтэй түрээсээр ашиглан нислэгийн орлоготойгоо уялдуулдаг бөгөөд энэ нь санхүүгийн эрсдэлгүй, оновчтой шийдэлд тооцогддог байна.
АНУ руу хийх шууд нислэг болон олон улсын түншлэл
Ажлын хэсгийн томилолтын хүрээнд АНУ-ын Тээврийн яам болон Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг нарийвчлан тохирсон байна. Ирэх оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын холбогдох байгууллагаас манай улсад аудит хийх бөгөөд үүнд МИАТ компани ч мөн хамрагдаж, стандартын шаардлагыг хангах юм. Урьдчилсан төлөвлөгөөгөөр 2028 оны нэгдүгээр улиралд АНУ руу хийх шууд нислэгийг нээхээр зорьж байна.
Шууд нислэгийг МИАТ компанийн өргөн биетийн Boeing 787-9 загварын хөлгөөр үйлдэх бүрэн боломжтой бөгөөд цаашид АНУ төдийгүй Канад, Австрали зэрэг алсын зайн чиглэлүүдийг нээхэд өргөн биетийн хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн АНУ-ын “United Airlines”, “American Airlines”, “Alaska Airlines” зэрэг томоохон агаарын тээвэрлэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд гаргахаар тохиролцлоо. АНУ-д оршин суугаа монгол иргэд газар зүйн хувьд тархан суурьшсан тул тус улсын дотоодын өргөн сүлжээтэй авиа компаниудын нислэгээр дамжин, МИАТ-ийн шууд нислэгтэй холбогдон эх орондоо ирэх боломжийг ийнхүү бүрдүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.