🔴Д.Бум-Очир: Х.Нямбаатар намайг төрийн зайран гэж гүтгэж байна. Би тэнгэр үзлийг судалдаг эрдэмтэн хүн
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өөртэй нь холбогдуулан цахим орчинд мэдээлэл хийсэн иргэн Х.Нямбаатарын мэдэгдэлд хандан байр сууриа илэрхийлж, дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Хуцсан нохой болгоны өөдөөс чулуу шиддэггүй шиг намайг удаа дараа чичилж ярихад нь би тэр бүр хэвлэлээр гарч тайлбар хийгээд байдаггүй байсан. Миний шавь байсан гэдгийг дахин дахин ямар ч үндэслэлгүйгээр давтан ярих шаардлага байхгүй. Иргэн Х.Нямбаатарын шууд бичлэгийг үзэж байгаа иргэдэд хандаж хэлэхэд, энэ хүний өгч буй мэдээлэл дотор маш олон зөрүүтэй, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд байна" хэмээн онцлов.
Мөн тэрбээр Х.Нямбаатарыг өөрийнх нь эсрэг үүссэн нөхцөл байдал, тухайлбал яллагдагчаар татагдах хэмжээнд хүрсэн асуудлуудаасаа олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр бусад хүмүүсийг татан оролцуулж, эмх замбараагүй мэдээлэл цацаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Тэр хүний хийсэн гэмтэй үйлдэл минийхтэй харьцуулахад хамаагүй их. Миний хувьд энэ засаг ч бай, өмнөх засаг ч бай, эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч бай, хэн ч байсан буруу зүйл хийж байгаа бол Монгол Улсын иргэний болон УИХ-ын гишүүний хувиар бурууг нь хаана ч, хэний ч өмнө шулуухан хэлнэ. Үүнийг миний олон шавь нар ч хэлнэ. Үүнд ямар гэм буруу байгаа юм бэ гэв.
Түүнчлэн олон нийтийн анхаарлыг татаад буй "цүнх"-ний асуудал болон Туулын хурдны замын төслийн талаар дараах няцаалтыг хийлээ. Тэрбээр, "Би тэр цүнхийг гаргаж ирээгүй, тэр хүүхдүүдийг нь нэрлээгүй. Тухайн үед нүүрсний хэргийн үеэр энэ асуудал ил болсныг үйл явдлыг харж байсан сэтгүүлчид бүгд мэднэ. Надад тийм мэдээлэл авах эх сурвалж ч байхгүй, өгдөг хүн ч үгүй. Мөн Туулын хурдны замын асуудлыг намайг эхлүүлсэн мэтээр удаа дараа цоллосон тул би аргагүйн эрхэнд биш гэдгээ хэлсэн. Намайг урьд нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан болон Гантулгын Мөнх-Эрдэнэ гэх залуу миний шавь байсан нь энэ хэрэг явдалд заавал холбоотой гэсэн үг биш" хэмээв.
Би өөрийгөө 'төрийн зайран' гэж хэзээ ч ярьж байгаагүй, би бөө биш. Би бол бөө мөргөл, тэнгэр үзлийг судалдаг эрдэмтэн хүн. Мөнх тэнгэрийн хүчинд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, төрт ёсоо тогтоосныг бид өнөөдөр залгамжлан авч яваа. Намайг юу гэж хэлэх нь тусдаа хэрэг байх, харин монгол түмний үнэт зүйл болсон бөө мөргөл, тэнгэр үзлээр битгий оролдоорой, үүнд давах ёсгүй хязгаар гэж бий гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.