Туркийн сүмийн цогцолбор доороос эртний газар доорх хонгилын сүлжээ илрүүлжээ
Туркийн Истанбул хотын алдарт Ая Софья цогцолборын доороос газар доорх хонгил болон танхимуудын сүлжээг илрүүлж, олон зуун жилийн турш яригдсан аман домгийг бодитой болохыг баталжээ.
Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой уг нээлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарласан байна. Энэхүү түүхэн олдвор нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй тус байгууламжийн төв бөмбөгөр оройг сэргээн засварлах болон газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах гурван жилийн төслийн хүрээнд хийгдсэн малтлагаар олджээ.
Сэргээн засварлалтын баг Везир болон Баруун цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгээс нийт 3000 орчим тонн шавар, хөрс, дүүргэгч шороог цэвэрлэж гаргажээ. Одоогийн байдлаар 420 орчим метр урт хонгилын замыг бүрэн цэвэрлээд байгаа ч газар доорх сүлжээ цааш хэдэн километр үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.

Судалгаагаар Баруун цэцэрлэгт есөн хонгилоор холбогдсон газар доорх зургаан тусдаа орон зайг илрүүлсний долоог нь цэвэрлэж дуусгасан бол хоёр хонгилыг баримтжуулах ажил үргэлжилж байна. Цэвэрлэсэн хонгилуудаас хамгийн урт нь Фатих медресийн урд хэсгээс зочдын орох хаалга хүртэл 180 метр үргэлжилдэг 4 дүгээр хонгил юм.
Энэхүү малтлага нь МЭ 537 онд Византын эзэн хаан I Юстинианы зарлигаар баригдсан барилгаас ч өмнөх үеийн түүхэн давхаргыг нээж илрүүлснээрээ онцгой ач холбогдолтой боллоо.
Тухайлбал, Везирийн цэцэрлэг дэх Ромын үеийн 8х8 метр хэмжээтэй газар доорх бунхны шаварлаг шалны доороос 1.5 метрийн гүнд хүний араг яс болон уран барилгын ул мөрүүд олдсон нь VI зуунаас өмнөх үед хамаарах магадлалтай байна. Түүнчлэн уг хонгилын систем нь эртний Константинополь хотын борооны усыг зайлуулах, түгээх дэд бүтцийн чухал хэсэг байсан бөгөөд өнөөг хүртэл зарим хэсгээр ус урссаар байгаа ажээ. Мөн 180 метр урт хонгил нь Сарайбурну руу чиглэсэн МЭ V зууны Ромын замтай холбогдож байсан эсэхийг судлаачид шалгаж байна.

Судалгааны багийнхан газар доорх бүх хонгил, танхимын нарийвчилсан зургийг гаргахын тулд хуурай газрын лазер сканнерын дэвшилтэт технологийг ашиглаж байна. Туркийн эрх баригчид хонгилын бүтцийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт болон үзэсгэлэнгийн дэд бүтцийг бүрэн хангасны дараа уг газар доорх сүлжээний тохиромжтой хэсгүүдийг жуулчид, үзэгчдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.