"Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал М.Сэргэлэнд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

"Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал М.Сэргэлэнд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
"Монгол Коосэн" Технологийн Коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэнд 2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулагдлаа.
 
М.Сэргэлэн нь 1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцан, эх орондоо эргэж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын коосэн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасан юм.
 
Тэрээр “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулсан япон загварын коосэн сургалтын “Загвар анги”-ийг хариуцаж ажилласан нь маш үр дүнтэй болсон бөгөөд үүнд үндэслэн байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар 2016 онд томилогджээ.
 
Сургалтын үйл ажиллагааныхаа зэрэгцээ дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллага болгох Японтой адил хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө онцгой хүчин чармайлт гарган, 2023 онд холбогдох хуулийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь Япон загварын Коосэн боловсролын тогтолцоог Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.