ГХЯ: ОХУ-д цэргийн гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан иргэнийг эх оронд нь буцаахаар ажиллаж байна

AI хөрвүүлсэн
ГХЯ: ОХУ-д цэргийн гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан иргэнийг эх оронд нь буцаахаар ажиллаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээгээр ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр очоод цэрэгт татагдаж, тус улсаас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцож байна гэх мэдээлэл, ар гэрийнхнийх нь хийсэн бичлэг олон нийтэд цацагдсан. Энэхүү асуудал болон холбогдох бусад хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас (ГХЯ) албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.

ГХЯ-ны мэдээлснээр, тухайн иргэний ар гэр цахим орчинд бичлэг байршуулахаасаа өмнө буюу өнгөрсөн долоо хоногт тус яаманд албан ёсоор ханджээ. Үүний дагуу Монгол Улсын талаас Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Москва хотод суугаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын газарт шуурхай хандаж, иргэний талаарх мэдээллийг хүргүүлсэн байна.

Ар гэрийнхнийх нь ирүүлсэн мэдээлэл болон нөхцөл байдалд үндэслэн тухайн иргэн нь залилан луйврын золиос болсон, хэлний бэрхшээлээс шалтгаалан гэрээний нөхцөл, заалтыг бүрэн ойлголгүй, санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан гэж дүгнэжээ. Иймээс гэрээг цуцлуулж, иргэнээ эх оронд нь татан авах хүсэлтийг Оросын талд тавьж, дипломат шугамаар эрчимтэй ажиллаж байна. Цаг хугацаа алдахгүй шийдвэрлэх нь нэн чухал тул ГХЯ ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж буйг онцоллоо.

Өндөр цалин амласан залилангийн цаана цэргийн ажиллагаанд татан оруулах эрсдэл нуугдаж байна

Нийгмийн сүлжээний хуудсуудаар дамжуулан ОХУ-ын нутаг дэвсгэрт олон сая төгрөгийн өндөр цалинтай тээврийн жолооч, тогооч зэрэг ажилд зуучилна гэх зарын цаана цэргийн тусгай ажиллагаанд татан оруулах зорилготой залилан луйврын сүлжээ нуугдаж байгааг ГХЯ анхааруулав. Ийм үйл ажиллагааг тухайн улсын зарим хуулийн этгээд, хувь хүмүүс зохион байгуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан ГХЯ болон тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд өнгөрсөн 11 дүгээр сарын 2-ны өдөр олон нийтэд хандан албан ёсны сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаж байжээ.

Өмнө нь ийм төрлийн хэрэгт холбогдож болзошгүй байсан цөөн тохиолдол гарч байсан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу Москва дахь ЭСЯ болон Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас шуурхай арга хэмжээ авч, эх оронд нь буцааж байсан туршлага бий. Энэ удаагийн тохиолдолд ч хэлний бэрхшээл болон дутуу ойлгосноос үүдэлтэйг нотлон, Оросын талтай хамтран гэрээг цуцлуулах боломжтой гэж үзэж байна.

Нийт 10 орчим иргэний асуудал яригдсанаас дийлэнхийг нь нутаг буцаажээ

Өнгөрсөн хугацаанд цэргийн тусгай ажиллагааны гэрээтэй холбогдон нийт 10 орчим иргэний мэдээлэл ГХЯ-нд бүртгэгдсэн байна. Тэдний дийлэнхийг хэлний бэрхшээл, санамсаргүй байдал болон гаднын шахалт шаардлагын улмаас гэрээ байгуулсан гэх үндэслэлээр татан авч, нутаг буцаах арга хэмжээг авчээ. Мөн зарим иргэд ОХУ-ын Алс Дорнодын бүсэд ийм гэрээ байгуулахаар явж байсныг дипломат, консулын ажилтнууд газар дээр нь уулзан, сэрэмжлүүлэг өгч буцаасан байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд Украины дайны идэвхтэй бүсэд байлдааны фронт дээр шууд байлдаж байгаа гэсэн батлагдсан мэдээлэл байхгүй ч гэрээ зурсан нөхцөл байдалтай иргэд байгааг дурдав.

Иргэдэд хүргэх ГХЯ-ны сэрэмжлүүлэг

Сүүлийн жилүүдэд монгол иргэд гадаадад зорчих, ажиллаж амьдрах нь нэмэгдэхийн хэрээр өндөр цалинтай ажилд зуучилна гэх нэрийдлээр залилангийн болон онц ноцтой гэмт хэргийн хохирогч болох, ялангуяа эмэгтэйчүүд, залуус эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гарч байна.

Иймд ГХЯ-наас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

  • Цахим орчин дахь баталгаагүй, өндөр цалин амласан олон улсын тээврийн жолооч, тогооч зэрэг ажлын зард хянуур, болгоомжтой хандах;
  • Хэрэв та өөрийгөө аливаа залилан луйвар, онц ноцтой гэмт хэргийн эрсдэлд орлоо гэж үзвэл эсвэл хохирогч болсон тохиолдолд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээлэлд хандахаас өмнө хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллага, ГХЯ болон тухайн улсад суугаа ЭСЯ, Консулын газарт албан ёсоор хандахыг уриалж байна.

Учир нь албан ёсны хүсэлт гаргаснаар төрийн байгууллагууд суугаа орныхоо хуулийн байгууллагуудтай шуурхай харилцаж ажиллах боломж бүрддэг бөгөөд асуудлыг хэвлэл мэдээллээр цацах нь зарим тохиолдолд шийдлийг хүндрүүлэх, цаг хугацаа алдах эрсдэлийг дагуулдаг болохыг санууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.