Киев мужид сүйдсэн байрны нуранги дороос долоон настай хүүг 14 цагийн дараа эсэн мэнд аварчээ
Украины Киев мужийн Вышгород дүүргийн Дымер хотхонд нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж нурсан таван давхар орон сууцны балгас дороос долоон настай Давид хүүг 14 цагийн дараа эсэн мэнд гаргаж авлаа.
Оршин суугчдыг унтаж байх үеэр буюу ням гаргийн өглөөний 05:00 цагийн орчимд орон сууцны барилга цохилтод өртжээ.
Аврах багийнхан нуранги дундаас хүүгийн хувийн эд зүйлсийг олж илрүүлснээр байршлыг нь нарийвчлан тогтоож чаджээ. Хүүгийн ойр дотнынхон эд зүйлсийг таньсны дараа эрлийн ажиллагааг тухайн хэсэгт төвлөрүүлсэн байна. Онцгой байдлын албаны ажилтнууд хүү дээр хүрэх үед тэрээр "Би Давид байна, яарах хэрэггүй ээ, би зүгээр!" хэмээн хариулсан нь аврагчдыг ихээхэн тайвшруулжээ. Хүүгийн биеийн байдал тогтвортой байсан бөгөөд эмчийн нарийн хяналтад оруулахаар эмнэлэг рүү хүргэжээ.
Агаарын цохилтын улмаас уг орон сууцны таван давхар бүхий бүхэл бүтэн нэг орц бүрэн нурж, их хэмжээний гал түймэр дэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Ослын улмаас наад зах нь 11 хүн амиа алдаж, зургаан хүн бэртэж гэмтсэн байна. Аврагчид Давид хүүгээс гадна 79 настай өндөр настан эмэгтэйг нуранги дороос амьд гарган эмнэлэгт хүргэжээ.
Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын ажилтнууд, үнэрч нохой, тэсрэх бодисын мэргэжилтнүүд болон цагдаагийн бүрэлдэхүүн бүхий 130 гаруй алба хаагч дайчлагдан ажилласан байна. Агаарын түгшүүрийн дохио болон дахин цохилт өгөх эрсдэлийн улмаас эрлийн ажиллагаа хэд хэдэн удаа түр саатсан ч даваа гаргийн орой бүрэн дуусчээ. Энэхүү цохилт нь тус улсын арван бүс нутгийг чиглэсэн 70 гаруй агаарын цохилтын нэг хэсэг байв.
Амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн Киев муж даяар эмгэнэлийн өдөр болгон зарлалаа. Орон нутгийн удирдлагууд хохирогчдын ар гэрт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, орон оронгүй болсон иргэдийг байрлуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.