Маколей Калкин "Гэртээ ганцаараа" киноны шинэ ангид тоглоно
Дисней компанийн харьяа "20th Century Studios" кино студи дэлхийн үзэгчдийн шимтэн үздэг "Гэртээ ганцаараа" (Home Alone) бүтээлийн цоо шинэ ангийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд гол дүр Кевин Маккаллистерийн дүрд жүжигчин Маколей Калкин эргэн тоглохоор болжээ.
Энэхүү мэдээллийг "Puck News" цахим хэвлэлийн сэтгүүлч Мэттью Беллони анх дэлгэж, улмаар "Variety" болон "Deadline" зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүд баталгаажуулсан юм. Түүнчлэн жүжигчин Маколей Калкин өөрийн инстаграм хуудсандаа нийтлэлийн зургийг байршуулж, албан ёсоор баталсан байна.
Уг төслийн продюсерээр "Point Grey Pictures" компанийг төлөөлөн Сет Роген, Эван Голдберг нар ажиллахаар гэрээ үзэглэжээ. Тэд жүжигчин Маколей Калкинтай хамтран кино зохиолыг хамтран бичихээр болсон байна. Кино төслийн санааг өнгөрсөн зун "Disney Motion Pictures" компанийн тэргүүн Дэвид Гринбаум жүжигчин Калкинтай биечлэн уулзаж сонссоны дараа уг төслийг хэрэгжүүлэх ногоон гэрлийг асаажээ.
Шинэ киноны үйл явдал анхны ангиудын дүр зургийг эсрэгээр нь эргүүлж буйгаараа онцлог шинэлэг өрнөлтэй байх юм. Насанд хүрч, хүүхдийн эцэг болсон Кевин Маккаллистер хүнд хүчир ажлынхаа хажуугаар хүүгээ өсгөхөөр хичээх аж. Гэвч аавынхаа анхаарал халамжинд гомдсон хүү нь түүнийг гэрээсээ цоожлон гаргана. Үүний үр дүнд Кевин урьд өмнө өөрийнх нь урхинд ордог байсан хулгайч нарын байр сууринд очиж, хүүгийнхээ бэлдсэн овжин занга, урхинуудыг даван гэр рүүгээ нэвтрэх шаардлагатай тулгарна.
Калкины тайлбарласнаар, гэрээ буцаан авах энэхүү оролдлого нь хүүтэйгээ сэтгэл зүрхээрээ эргэн ойлголцох аялал болох бөгөөд өөрийнх нь арга барилаар өөрийг нь ялж буй хүүхдээсээ ичиж, цоож онгойлгогч болон цагдаа дуудахгүй хэмээн тэрээр хошигнон өгүүлжээ.
Энэхүү үйл явдал нь Маколей Калкины хувьд 1992 онд гарсан "Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркт төөрсөн нь" киноноос хойш уг кино цувралын дүр төрхөөр бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлд эргэн ирж буй анхны тохиолдол болж байна. Өмнө нь тэрээр 2018 оны Google-ийн сурталчилгаа болон 2026 оны арваннэгдүгээр сард цацагдсан МакДоналдсын баярын сурталчилгаанд Кевиний дүрийг бүтээж байв. Мөн цувралын анхны найруулагч Крис Коламбус энэ үеэр ярилцлага өгөхдөө энэ онд таалал төгссөн жүжигчин Кэтрин О'Харагийн орон зай шинэ бүтээлд ихээхэн үгүйлэгдэх болно гэдгийг дурджээ.
Одоогоор уг төсөл хөгжүүлэлтийн эхний шатандаа явагдаж байгаа бөгөөд нээлт хийх тов болон бусад жүжигчдийн бүрэлдэхүүн хараахан тодорхой болоогүй байна. Киноны хамтран зохиолч, продюсер Сет Роген, Эван Голдберг нар "Universal" студид зориулсан аймшгийн инээдмийн шинэ төслөө дуусгасныхаа дараа кино зохиолдоо бүрэн төвлөрөхөөр төлөвлөжээ. Харин "Дисней" компанийн зүгээс одоогоор ямар нэгэн нэмэлт албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.