Х.Тэмүүжин: Ялах хүнээ л нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгөхгүй

AI хөрвүүлсэн
Х.Тэмүүжин: Ялах хүнээ л нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгөхгүй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдал шиг сайн дураараа бууж өгч, сонгууль нэртэй жүжгийн орлон тоглогч байдлаар оролцохгүй. Зөвхөн ялалт байгуулах боломжтой хүнийг сонгон нэр дэвшүүлнэ.

Мөн нэр дэвших эрмэлзэлтэй байгаа хүмүүст зарчмын хатуу шаардлага тавьж байгаа. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулан ажиллах хэдий ч бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа эргэж намдаа хамаарахгүй байх, албан тушаал нэхэж шантаажлахгүй байх ёстой гэсэн болзол тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүний албыг нэр төртэйгөөр хүлээлгэн өгч, Ерөнхийлөгчийн нэр төрийг насан туршдаа эрхэмлэн амьдрах шаардлагыг нэр дэвшигчдэд тавьж байна.

Нэр дэвших эрх болон хууль дээдлэх ёсны хүрээнд, шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч хуулиас гадуур яллах, нэр дэвших эрхийг нь хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Ялангуяа эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн даргад ийм эрх бүүр ч байхгүй бөгөөд хэрэв хуулийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж байгаа бол энэ нь шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлж, "хонгил" үүсгэж буйг баталсан үйлдэл.

Ард түмний эв нэгдлийг хангагч байсан Төрийн тэргүүн нь албан тушаалаасаа буусны дараа улс төрийн намд дахин орж, идэвхтэй улс төр хийх, намын дарга болох зэргээр нийгмийг талцуулдаг улс төрийн өрсөлдөөнд оролцож болохгүй гэж үзэж байна. Олон улсын жишгээр ч Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс насан туршдаа энэхүү нэр төрийг хадгалдаг бөгөөд буцаад намдаа харьяалагдах нь зөвхөн бэлгэдлийн шинж чанартай байдаг. Үндсэн хуульд өргөсөн тангараг нь угтаа насан туршийн тангараг тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч гэсэн хариуцлагаас ангид болсон мэтээр хандах ёсгүй бөгөөд энэ нь дэлхий нийтийн олон жилийн сургамжаар тогтсон соёл.

Иймд бүрэн эрхийн хугацаа буюу зургаан жилийн дараа улс төрийн намын эрхээ сэргээх асуудал нь зөвхөн бэлгэдлийн чанартай байх ёстой бөгөөд идэвхтэй улс төр рүү буцах эрх биш юм. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүнээр ажилласан хүний хувьд төрийн аль нэг албан тушаалд томилогдох эсвэл албан тушаалын төлөө өрсөлдөх хязгаарлалт нь зургаан жилээр дуусгавар болохгүй, насан туршид нь мөрдөгдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.