А.Ганбаатар гишүүн иргэний авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа

А.Ганбаатар гишүүн иргэний авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй уг хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэн иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч байгаа энэ үед татварын бодлого өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай байгаа аж.

Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгад чиглэсэн гэдгийг А.Ганбаатар гишүүн энэ үеэр онцлов.

765f0025329b4dea9d940b526a92e4c3

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж

Хуулийн төслийн хүрээнд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй аж. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа бол зөвхөн өөрийн сонгосон нэг нь чөлөөлөгдөж, үлдсэн авто зогсоолуудын татвар хэвээр үлдэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй аж.

Ийнхүү чөлөөлөлтийг нэг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгөөр хязгаарласнаар тухайн өрхөд татварын бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд татварын давуу байдал үүсэхгүй юм байна.

Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах дарамтыг бууруулах ач холбогдолтой. Иймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ өрхийн хэрэглээний нэг авто зогсоолд татварын хязгаарлагдмал чөлөөлөлт үзүүлэх нь бодлогын хувьд харилцан нийцтэй гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.