🔴Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл бэлэн болсон. Маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцож салбарын үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
-Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор ирэх арванхоёрдугаар сард батлагдвал төрийн байгууллагад буй мэдээлэл нээлттэй болж, иргэд захиалга өгөхөөсөө өмнө эрсдэлээс хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэх юм.
Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар байна. Тус төслөөр нотариатын үйлчилгээг анх удаа зайнаас буюу цахимаар гэрчлэх боломжийг бүрдүүлж, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэлийг тусгасан бөгөөд ирэх долоо хоногоос Байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхэд бэлэн болсон. Түүнчлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Төрийн үйл ажиллагааны хариуцлагыг дээшлүүлэх, хууль бус үйлдлийг мэдээлэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөлийг хангах зорилготой Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.
Эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагажуулах хүрээнд боловсруулж буй дөрвөн хуулийн төслийн 50 хувь нь бэлэн болоод байна. Үүнд хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төсөл болон гүтгэх, хүний алдар хүндэд халдахтай холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж буй бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг Үндсэн хууль болон хүний эрхийн зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд хураасан хөрөнгийг хадгалах, хамгаалах тусгай нэгж байгуулах, нийгмийн сайн сайханд зориулах зохицуулалтыг тусгажээ.
Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд ил тод, нээлттэй байдлыг хангах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдаж байна. Тухайлбал:
- Төрийн нууцын тухай хуулийн төсөл: Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд намрын чуулганд багтаан эцэслэнэ. Батлагдсанаар албаны нууц нэрийн дор байгуулсан гэрээ хэлцлийг ил тод болгоно.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хуулийн төсөл: Хэрэг бүртгэлтээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүртэлх бүх процессыг цахим системд ил тод байршуулах зохицуулалтыг бий болгоно.
- Татварын тайлагнал, буцаан олголтоор авлигаас сэргийлэх тухай хуулийн төсөл: Татварын хяналт болон хууль ёсны орлогын тайлагналыг дэмжих замаар далд эдийн засагтай тэмцэх механизмыг бүрдүүлнэ.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.
Нүүрсний ордын яриа хэлэлцээний талаар: Стратегийн ач холбогдол бүхий ордуудын талаар хөрөнгө оруулагч талтай эхний шатны хэлэлцээг хийсэн. Арванхоёрдугаар сарын дундуур хөрөнгө оруулагч талаас тооцоолол бүхий албан ёсны санал ирүүлэх товтой байгаа бөгөөд Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу өгөөжийн дийлэнх хувийг Монголын талд үлдээх суурь зарчмыг баримталж байна.
Орон сууцны захиалга, газар чөлөөлөлттэй холбоотой хохирлын тухайд: Орон сууцны асуудал үүсэх гурван үндсэн шалтгаан (залилан, дахин төлөвлөлтийн санхүүгийн хүндрэл, зөвшөөрөлгүй барилга) байдаг. Засгийн газрын тэмдэглэлийн хүрээнд дутуу зөвшөөрөлтэй барилгуудыг шалган нөхөн бүрдүүлэх, дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийг төрийн барьж буй орон сууцад дүйцүүлэн хамруулах эрхийг салбарын яам болон Нийслэлд олгосон. Ирэх таван жилд баригдах 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шийдвэрлэх боломжтой.
Нөмрөгийн түймрийн хохирлын талаар: Цагдаагийн ерөнхий газар болон шүүх шинжилгээний байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна. Байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг эцсийн байдлаар гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа хариуцлагын асуудал яригдана.
Хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэргийн талаар: Увс аймаг дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан цэрэг ЭМТ-д эмчлүүлж байх үедээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэгт гаднын нөлөө байсан эсэхийг тогтоохоор ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Орон сууцны нэгдсэн цахим системийн ажиллагааны тухайд: Засгийн газрын 406 дугаар тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас дуусаагүй барилга болон захиалгын гэрээг бүртгэх системийг нэвтрүүлжээ. Одоогоор 10 барилгын 246 орон сууцны захиалгын гэрээний мэдээлэл нэгдсэн санд ороод байгаа бөгөөд иргэд тухайн орон сууцны байршил, захиалгын төлөв зэргийг цахимаар шалгах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.