🔴 Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч бүр УИХ-тайгаа зодолддог. Парламентаасаа ерөнхийлөгчөө сонгодог байх нь зөв

AI хөрвүүлсэн
🔴 Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч бүр УИХ-тайгаа зодолддог. Парламентаасаа ерөнхийлөгчөө сонгодог байх нь зөв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр сонгуулийн тогтолцоо, төрийн засаглалын гажуудал болон улс төрийн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Шадар сайд Н.Номтойбаяр:

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад тэнцвэртэй сонгууль хэзээ ч болж байгаагүй бөгөөд хуулийн өөрчлөлтөөр дамжуулан санал луйварддаг байдлыг таслан зогсоох боломжтой. Мөн санал тоолох төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсан "хар машин"-ы техникийн найдвартай ажиллагаа, хараат бус байдал, шударга сонгууль явуулах баталгаа болж чадаж байгаа эсэхэд маш их эргэлздэг. Өөрийн биеэр гэрчлэх хэд хэдэн үйлдэл, баримт бий. 

2024 оны УИХ-ын сонгуулиар гадаадад оршин сууж байсан 210 мянган иргэнээс 13,400 орчим нь л Элчин сайдын яам болон Ерөнхий консулын газруудад урьдчилан бүртгүүлж саналаа өгөхөө мэдэгдсэн. Үлдсэн иргэд санал өгөхгүй нь тодорхой болсон нөхцөлд бүртгэлийн хяналт сул байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн “E-Mongolia” системээр дамжуулан хэнд санал өгсөн нь нууц байдаг ч УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө саналаа өгсөн эсэх бүртгэлээ харах боломжгүй байгаа нь иргэний өмнөөс санал өгсөн байх эрсдэлийг үүсгэж байна. Энэ асуудлыг Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн түвшинд хэлэлцсэн боловч Ажлын хэсэг байгуулагдаагүй орхигдсон. 

Олны анхаарлыг татаж буй "Бодь" групп, Гашуунсухайт–Тавантолгойн төмөр зам тойрсон санхүүгийн ноцтой асуудлууд нь нотлох баримтаар нотлогдох ёстой. Асуудлын үндэс нь тогтолцоондоо байгаа. 1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны анхны Үндсэн хуулиас хойш 30 гаруй жилийн турш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөрчлөөс үүдэлтэй Засгийн газрын тогтворгүй байдал даамжирч ирсэн. Төрийн эрх мэдэл хэт төвлөрч, хараа хяналт суларснаар төрийн аюулгүй байдал хөндөгдөж байна. Ажлын гараагаа аюулгүй байдлын байгууллагаас эхэлсэн хүний хувьд үүнд санаа зовниж явдаг. 

Монгол Улс хоёр хүчирхэг хөршийн дунд оршдог газар зүйн өгөгдөл, язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд сонгодог парламентын засаглалыг төгөлдөршүүлэх шаардлагатай байна. Үүний тулд Ерөнхийлөгчийг ард түмнээс бус, парламентаас хязгаарлагдмал эрхтэйгээр сонгодог тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ийм загварт Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байх бөгөөд зөвхөн үндэсний эв нэгдлийг хангах, үндэсний түүх, соёл, боловсролд анхаарах, гадаад харилцаанд улсын нүүр царай болох, төрийн шагнал гардуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харин парламент болон Засгийн газар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой тохиолдолд шийдвэр гаргах эрхтэй байх ХБНГУ-ын засаглалын загвар бий. 

Улс төрийн холбогдох асуудлаар УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулах ажил идэвхтэй үргэлжилж байгаа. Өчигдөр орой гаргасан мэдэгдлийн дараагаар гишүүд гэнэт холбогдож эхэлсэн. Одоогоор 32 гишүүн гарын үсэг зурсан. Зарим гишүүд нэрсийг дурдсантай холбоотойгоор холбогдсон ч гарын үсгээ буцаан татаагүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.