🔴Т.Доржханд: 2028 оны сонгуульд олонх болох нам байхгүй. Ерөнхийлөгчид намын харьяалалгүй хүнийг дэвшүүлэхийг бусад намууддаа уриална
Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрийн институтийн тогтворгүй байдал болон цаашдын сонгуулийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төрийн тогтворгүй байдал эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буйг онцолж, засаглалын гацаанаас гарахын тулд тогтолцооны шинэчлэлийг гүйцээх шаардлагатайг сануулав.
Шадар сайд Т.Доржханд:
-Өнөөдөр гурван Засгийн газар солигдох хэмжээний үйл явц өрнөж, хоёр Ерөнхий сайдын тохироо яригдаж, УИХ-ын дарга нар дараалан огцорч буй нь төрийн дээд түвшинд ноцтой тогтворгүй байдал үүссэнийг харуулж байна. Цаашлаад төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хүртэл яригдаж эхэлсэн нь маш харамсалтай зүй тогтол. Монгол Улс хөгжиж буй эдийн засагтай. Энэ эдийн засаг тогтвортой байж гэмээнэ иргэдийн бодит орлого нэмэгдэх ёстой. Гэтэл энэ байдлыг бид хангаж чадахгүй байна.
Энэ гацаанаас гарах гарц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутуу орхисон заалтуудыг гүйцээх явдал гэж үзэж байна. 2019 болон 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үеэр парламентын засаглалыг төгөлдөржүүлэх заалтыг дутуу орхисон. Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс бус, олон намын төлөөлөлтэй УИХ-аас сонгодог болох нь сонгодог парламентын тогтолцооны гол зарчим. Ингэснээр Ерөнхийлөгч аль нэг намын эрх ашгийг төлөөлөх бус, парламентын олонхоос сонгогдсон төрийн бодит эв нэгдлийн илэрхийлэл болох боломж бүрдэнэ. Харин өнөөдөр аль нэг намын дотоод зөрчил, харлуулалт, улс төрийн хулгайн асуудлаас болж төрийн тэргүүнийг огцруулах дээрээ тулж байгаа нь улс орны тогтвортой байдалд ноцтой заналхийлж байна.
2016 онд МАН дангаараа 65 суудал, 2020 онд 62 суудал авч байсан үетэй өнөөдрийн нөхцөл байдал адилгүй. Одоогийн парламент таван намын төлөөлөлтэй болсон. 2028 оны сонгуулиар МАН ч, АН ч, ХҮН нам ч дангаараа олонх болж чадахгүй. Парламент балансад орж байна.
Хувь хүн болон намын явцуу эрх ашгийг хойш тавьж, улс орны тогтвортой байдлыг хангах нь чухал. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН нам заавал өөрийн намын гишүүнээ нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тус нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын гишүүн бус, инженер, эрдэмтэн Д.Энхбатыг дэвшүүлж байсан, 2027 онд ч бусад намуудад намын харьяалалгүй, Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадах, ёс зүйтэй, шударга, олон улсад улсаа бүрэн төлөөлөх (гадаад хэлтэй) хүнийг хамтран дэвшүүлэхийг уриална.
Дөрвөн сарын хугацаанд сонгууль явуулах нь санхүү болон бүтцийн хувьд томоохон намуудад давуу талтай байдаг. Гэсэн ч ХҮН нам судалгаа хийж, "Ерөнхийлөгчөө захиална" гэсэн зарчмаар хандана. Ялангуяа эх орончийн дүр эсгэж эдийн засгийг доройтуулдаг, төмөр замын цариг зэрэг асуудлаар улс төр хийж ашиг хонжоо хайдаг популист этгээдийг дэвшүүлэхийн эсрэг ажиллана. Бид сайн хүнээ дэвшүүлж чаддаггүй юм аа гэхэд ядаж хулгайч хүнийг Ерөнхийлөгч болгох ёсгүй. ХҮН нам 100 мянган гишүүнтэй, бүх аймагт салбартай ч гишүүнчлэлээр бус бодлогоороо өрсөлдөнө. Дор хаяж зургаан жил улсаа төлөөлөх чадвартай хүнийг дэмжинэ.
УИХ-ын дарга ч нам бус байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаал нь улс төрийн хамгийн дээд цэг байх нь зүйтэй. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эргээд УИХ-д сууж, эрх мэдлээ намдаа давуу тал болгон ашигладаг жишиг өмнө нь байсан. Үүнийг таслан зогсоох нь зөв алхам гэж үзэж байна.
Өнгөрсөн 2020-2024 онд Хөгжлийн банкны нээлттэй сонсгол, нүүрсний хулгай, ногоон автобусны хэргүүдийг ил болгоход хүчин чармайлт гаргаж байсан. Хулгайтай тэмцэх асуудлыг хувь хүн рүү биш тогтолцоо руу чиглүүлэх ёстой. Одоогийн 126 гишүүнтэй парламентын дор хаяж 50 хувь нь пропорциональ тогтолцоогоор сонгогдох ёстой байтал 48 гишүүн болж цөөрснөөр тойрогтоо таалагдах гэсэн популизм арилахгүй байна.
Иймд Монгол Улс сонгодог парламентын тогтолцоо руугаа бүрэн шилжих үү, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал руу явах уу гэдгээ шийдэж, аль ч биш дундын байдлаас үүдэлтэй тогтворгүй байдлаа нэн яаралтай цэглэх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.