ТӨК-иудын худалдан авах ажиллагаа, цаашдын шинэчлэлийг хэлэлцлээ
Төрийн худалдан авах ажиллагаа (2006–2026 он) сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын шинэчлэлийн талаар илтгэл танилцуулан, оролцогчдын асуултад хариулав.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон харьяа компаниудын худалдан авалтын дийлэнх хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ирсэн нь худалдан авах ажиллагааны ил тод байдал, өрсөлдөөнийг хангах чухал үзүүлэлт боллоо.
Төрийн өмчит компаниудын засаглал, өмчлөлийн харилцааг шинэчлэх хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр төрийн өмчийг мэргэжлийн удирдлагаар хангах, өмчлөлийн харилцааг тодорхой болгох, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц, өмчлөлийн бодлогыг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын өөрчлөлт хийхээр зорьж байна. Төрийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт болгох нь компанийн засаглалын шинэчлэлийн чухал хэсэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.