Автобус суудлын автомашинтай мөргөлдсөнөөс хоёр хүн амиа алдав
Нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт орсон цасны улмаас халтиргаа гулгаа нэмэгдэж, зам, тээврийн осол, хэргийн тоо ч өсжээ. Улаанбаатар хотод л гэхэд энэ сарын 13-нд орсон цасны улмаас зам, тээврийн 563 осол, зөрчил бүртгэгдсэн бол орон нутгийн замд 21 гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж.
Эдгээрээс хамгийн ноцтой нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт гарч, газар дээрээ хоёр хүн нас барсан байна. Тус сумын Улаанхудаг буюу V багийн нутаг дахь Төлбөр авах цэгийн орчимд энэ сарын 13-ны 15.45 цагийн үед “Хьюндай юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын “Приус-41”-тэй мөргөлдсөн аж.
Уг ослын улмаас 34 болон 53 настай хоёр эмэгтэй нас барсан гэнэ. Мөн суудлын автомашины жолооч М-ын бие маш хүнд, 14 настай зорчигч охины хамтаар Эрдэнэсант сумын эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж эхэлжээ. Харин хот хоорондын автобусанд сууж явсан 19 зорчигч гэмтэж бэртээгүйг орон нутгийнхан мэдээллээ. Уг хэргийг өдгөө Төв аймгийн Заамар дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.