“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн зургаан жил есөн сар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хасав
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрээ гаргалаа. Тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сард уг хэргийг хэлэлцээд Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан “Ачит ихт” ХХК-д давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэм буруутайд тооцсон юм.
Уг үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил, үндэслэлгүй хөрөнгөжсөнд нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, мөн хугацаагаар, мөнгө угаасанд нь есөн сар хорих ял шийтгэв. Ингээд хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, зургаан жил есөн сарын хугацаагаар нээлттэй дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Мөн түүнээс 896.5 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор болсон. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ачит ихт” ХХК-иас 110.5 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгуулахаар шүүх шийдвэрлээд байв.
Мөн уг хохирол төлбөрийг гаргуулахын тулд Ц.Даваацэрэнгийн Худалдаа, хөгжлийн банканд хадгалж буй нэг сая гаруй ам.доллар, “Степпкупер” ХХК-ийн эзэмшлийн суудлын болон хүнд даацын автомашин, механизмууд, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний талбай, орон сууцууд, автозогсоолуудыг битүүмжилсэн.
Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан юм.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ “Медипас” компанитай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлээд байсан юм. Тэгвэл тус аймаг дахь давж заалдах шатны шүүхээс Ц.Даваацэрэнгийн "Ачит ихт"-д давуу байдал олгосон, Хонконг, АНУ-аар дамжуулж мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов. Харин албан тушаалаа урвуулж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдэд албан тушаалаа хэтрүүлэн "Эрдэнэт медикал" эмнэлгийг "Медипас" ХХК-д шилжүүлсэн гэм буруутайд тооцов. Улмаар эл үйлдэлд нь эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг гурван жил хасах ял шийтгэлээ. Ингэснээр түүнийг цагдан хорих төвөөс суллав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.