Монгол Улс дижитал ба ХОУ-ны өрсөлдөх чадвараар 70 орноос 67-р байр оржээ

Монгол Улс дижитал ба ХОУ-ны өрсөлдөх чадвараар 70 орноос 67-р байр оржээ

Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 улсаас 52.62 оноотойгоор 67 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Өмнөх оны судалгаанд 69 орноос 67-рт эрэмбэлэгдэж байсан.

Үндсэн таван бүлгийн эрэмбийг авч үзвэл:

  • Засаглал – 67 дугаар байр
  • Технологи ба дэд бүтэц – 67 дугаар байр
  • Үр ашиг – 67 дугаар байр
  • Ажиллах хүчний хөгжил – 62 дугаар байр
  • Үнэт зүйлс – 67 дугаар байр

Дэд бүлгүүдийн хувьд Боловсрол ба сургалт дэд бүлгээр 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын харьцангуй сайн үзүүлэлт болж байна. Харин бизнесийн уян хатан байдал 70 дугаарт эрэмбэлэгдсэн нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ.

Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн юм. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдэд сул үр дүн ажиглагдаж байна.

Монгол Улсын хувьд дижитал дэд бүтцийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуныг бизнес, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн дижитал ур чадварыг хөгжүүлэх, хиймэл оюуны эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр тодорхойлогдохгүй, харин тэдгээрийг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж байгаагаас ихээхэн хамаардаг юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн бөгөөд, Монгол Улсын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.