“Авлига” хороололд Усны тухай хууль зөрчиж, газар олгосныг Дээд шүүх тогтоов
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Акуа гарден” буюу олон нийтийн сүлжээнд “Авлига хороолол” хэмээх болсон орон сууцын барилгуудад газар олгосон нь хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцлээ. “Эм энд Жи констракшн” гэх компани Дунд голын голдирол дунд “Акуа гарден” хотхон барьсан бөгөөд үүнийг нь эсэргүүцэж “Онч шийдэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилгын хөгжлийн төв зэргийг хууль зөрчсөн хэмээн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байсан юм.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхцуулж газар олгосон нь хууль бус болохыг тогтоолгох, давхацсан хэсэгт барьж буй барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед буюу 2023 оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, “Эм энд Жи констракшн” ХХК-д олгосон талбайгаас үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр 29 094 ам метр газрыг хассан юм. Мөн Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст хууль зөрчин барьж буй үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй хоёр барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх захирамж гаргасан байдаг. Эдгээрт үндэслээд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангалгүй орхисон юм.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамж нь Усны тухай хуулийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн. Уг зүйл заалтыг зөрчин усны онцгой хамгаалалтын бүсэд ямар нэг газар эзэмших эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох зэрэг хууль зөрчсөн шийдвэрийг цаашид гаргахгүй байхыг үүрэг болгох, нийтийн онцгой ашиг сонирхол байгаа” гэдгийг тодотгожээ. Улмаар “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхисныг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Харин хариуцагч нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, гуравдагч этгээд “Эм энд жи констракшн” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.