ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Москвад зуурдаар нас баржээ
Оросын Холбооны Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Александр Дарчиев 66 насандаа Москва хотод таалал төгссөн талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гаргийн өдөр албан ёсоор мэдээллээ.
Эхэндээ ОХУ-ын Гадаад хэргийн яам телеграм сувгаараа дамжуулан дипломатч Александр Дарчиевыг тодорхой шалтгаан дурдалгүйгээр "зуурдаар нас барсан" хэмээн мэдээлсэн юм. Гэвч удалгүй тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэвлэлийн бага хурал дээр нарийвчилсан тайлбар хийхдээ, түүнийг Москва хотод удаан хугацаанд үргэлжилсэн архаг өвчний улмаас насан эцэслэсэн гэж мэдэгдэв. Гадаад хэргийн яамны мэдэгдэлд түүнийг "шилдэг дипломатч, туршлагатай удирдагч, нөхөрсөг хамтран зүтгэгч бөгөөд багш" хэмээн өндрөөр үнэлж, Оросын гадаад бодлогын хамгийн чухал чиглэлүүдийн нэгийг хариуцан удирдаж байсан АНУ судлалын гарамгай мэргэжилтэн байсныг тэмдэглэжээ.
Александр Дарчиев 2025 оны гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдон ирснээс хойш насан эцэслэх хүртлээ тус албыг жил хагас орчим хугацаанд хашсан байна. Түүний томилгоо нь 2024 оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн өмнөх элчин сайд Анатолий Антоновын орон зайд хэдэн сарын турш эзэнгүй байсан дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний суудлыг нөхсөн алхам болж байв.
Тэрбээр 1992 онд дипломат албанд орсон цагаасаа эхлэн ажлынхаа ихэнх үе шатыг Хойд Америкийн чиглэлээр дагнан өнгөрүүлсэн арвин туршлагатай түшмэл байжээ. Дарчиев өмнө нь Вашингтон хот дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд 1997 онд элчингийн зөвлөхөөр, 2005-2010 онд элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байв. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хойд Америкийн газрыг олон удаа удирдсан бөгөөд 2014-2021 оны хооронд ОХУ-аас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар үүрэг гүйцэтгэж байжээ.
ОХУ-ын дипломат албаны нөлөө бүхий төлөөлөгч насан өөд болсон нь хоёр их гүрний харилцааны хамгийн хариуцлагатай бүтцэд өөрчлөлт орох нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд удахгүй түүний халааг авах дараагийн томилгооны асуудал тавигдах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.