Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн хүмүүсийг Тагнуулынхан шалгаж байна

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн хүмүүсийг Тагнуулынхан шалгаж байна

Засгийн газрын нууц тогтоол, Tөрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан хэргийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлжээ.

Манай улсын иргэн Б, Д нар хамтран БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэнэ. Уг хуурамч тогтоолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн заалт оруулсан байжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэнээрээ Монгол Улсын эдийн засаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийг онц их хэмжээгээр хохироох эрсдэлтэй үүсгэсэн гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг мөн хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн аж. Ингэхдээ тус ТӨҮГ-ын тамга, ерөнхий захирал Г.Ёндонгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Одоогоор хэрэгт холбогдогчдыг албадан саатуулж, Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлж буй гэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.