🔴Ч.Хүрэлбаатар: Монгол Улс хэрүүлийн бузраасаа салах ёстой

AI хөрвүүлсэн

МАН-ын даргын зөвлөх Ч.Хүрэлбаатар намын дотоод уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

- Нийслэлийн намын хорооны хурал эхлэх гэж байна. Хуучин даргыг огцруулж, шинэ дарга томилох асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Би 2024 оны сонгуулиас хойш аль ч түвшинд төр, засгийн ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа, төрийн ажилд оролцохгүй явж байна. Ер нь аливаа ажлыг хийвэл хийсэн шиг хийгээд, завсарлаж байгаа бол тэр хугацаандаа завсарласан шиг завсарлах хэрэгтэй гэсэн зарчимтай байдаг.

- Өрнөж буй улс төржилтөд УИХ-ын гишүүн Ч.Чойжилсүрэн оролцсон гэж харж байгаа юу?

- Би дахин хэлье. Би 2024 оны сонгуулиас хойш төр, засгийн ажилд оролцохгүй гэсэн, одоо ч оролцохгүй байгаа. Ажил хийвэл яг хийсэн үедээ хийсэн шиг хийгээд, завсарлаж байгаа бол завсарласан шиг байх ёстой гэдэг байр суурьтай байна.

- Иргэн Д.Отгонтөгсийг шүүхэд өгсөн асуудлаар шүүхийн процесс явагдах үед та хуралдаа оролцохгүй байна гэх мэдээллийг тухайн иргэн нийтэлсэн байсан. Та шүүх хуралд яагаад биечлэн очихгүй байгаа талаараа тайлбар өгөхгүй юү?

- Тухайн үед намайг илэрхий гүтгэж, "Хүрэлбаатар хужаа" гэдэг зүйлийг явуулахдаа архивын материалыг хүртэл засварласан байсан. Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тэрхүү мэдээллийг сэвж зохион байгуулсан хүмүүстэй би иргэн Хүрэлбаатарын хувьд шүүхдэлцэж байгаа. Би эрх мэдэл, албан тушаалтай байхдаа хэнтэй ч заргалдаж шүүхдэлцээгүй. Энэ асуудал шалгагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Шүүх хурал ямар шатанд явж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Шүүх хуралд заавал өөрийн биеэр оролцох албагүй, хууль ёсны өмгөөлөгч нь оролцоод явж байгаа.

- Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулж байна. Ер нь цаашдын сонгуулиуд болон нийслэлийг авч явах тал дээр та ямар хүлээлт, бодолтой байна вэ?

- Нийслэлийн намын хорооны даргаар Д.Пүрэвдагвыг дэмжих шийдвэрийг Монгол Ардын Намын Удирдах зөвлөл гаргаж дэмжсэн. Миний хувьд ч түүнийг улс төрийн хувьд нэлээд сайн бэлтгэгдсэн хүн гэж үзэж, дэмжиж байна. Нөгөө талаас, ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монгол Улс даяар хэрүүлийн бузар нүүрлээд байна шүү дээ, та бүхэн ч харж байгаа байх. Үүнд цэг тавих ёстой. Энэ нь зөвхөн МАН гэлтгүй, улс орон даяар байгаа асуудал. Тиймээс энэ хэрүүлийн бузарт монголчууд хүн бүр, тал талдаа хувь нэмрээ оруулж нэг цэг тавиасай, эв энхийг сахиасай гэж бодож байна. Учир нь өнөөдрийн гадаад нөхцөл байдал гурав, дөрвөн жилийн өмнөхөөс тэс өөр болчихлоо. Ийм үед монголчууд маань хоорондоо эвтэй, найртай байх учиртай. Төлбөр мөнгөөр нэгнийгээ харлуулах гэж оролддог, гутаадаг, зөв юмыг нь буруу, буруу юмыг нь зөв болгодог энэ бүх зүйл зогсоосой л гэж би хүсэж байна.

- МАН дотооддоо хагарал болон бусад тэмцлийг та хөндлөнгөөс хараад юу гэж үзэж байна вэ?

- Ер нь тал талдаа өөр өөрсдийнхөө үйлдлийг эргэж харж, хүн бүр өөрийгөө үнэлж дүгнээсэй гэж бодож байна. Дахин хэлэхэд, хүн албан тушаал хашиж байхдаа тэр албан тушаал дээрээ ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Дотроо бодож байгаа зүйлээ тухайн үедээ ил гаргаад, яриад явах ёстой. Харин ажлаа өгсөн бол жирийн иргэнийхээ үүргээр амьдрах учиртай. Ийм зарчим манай улс төрчдөд бүгдэд нь байгаасай гэж бодож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.