🔴М.Онон: Зөвхөн миний нэр төрд халдаад зогсохгүй, олон мянган төмөр замчдын нэр хүндийг гутаасан үйлдэл болж байна

AI хөрвүүлсэн
🔴М.Онон: Зөвхөн миний нэр төрд халдаад зогсохгүй, олон мянган төмөр замчдын нэр хүндийг гутаасан үйлдэл болж байна

Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон цахим орчинд өөрийнх нь нэр төр, зурагтай холбогдон тархсан асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан албан ёсны тайлбар, мэдээлэл хийлээ.

Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон: 

-Цахим орчин дахь мэдээлэл нь зөвхөн миний нэр төрд халдаад зогсохгүй төмөр замын салбар, түүнд ажиллаж буй олон мянган төмөр замчдын нэр хүндийг гутаасан үйлдэл болж байгаа учраас албан ёсоор тайлбар хийх шаардлагатай боллоо. 

Би 2018 оноос хойш төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж, мерит зарчмаар шат ахин дэвшиж Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргаар ажиллаж байна. 

"Мадина" гэх инстаграм хаягаас Төмөр замын удирдах албан тушаалтантай холбогдуулан, 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх баримтыг нийтэлж эхэлсэн. Үүний дараа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс уг мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархсан. Энэ явцад миний овог нэр, гэрэл зураг, албан тушаалыг зориуд, санаатайгаар холбон доромжилж байгаад туйлын их харамсаж байна.

Цахим сүлжээнд тавигдсан энэ мэдээлэлд би огт үндэслэлгүйгээр нэр холбогдсон. Ямар ч оролцоо, холбогдол байхгүй гэдгээ албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд би гэр бүлийнхээ хамт байсан. Өглөө гэрээсээ гарч, орой нь эргэн ирсэн, гэр бүлээ агаарт салхилуулсан гэдэг нь хотхоны СӨХ-ны хяналтын камер болон бусад баримтуудаар бүрэн нотлогдоно. 

Тэр мэдээллийг анх олон нийтэд цацсан хүн өөрөө цахим хуудсаараа дамжуулан "Төмөр замын дарга гэж анх бичсэн боловч угтаа энэ нь төмөр замын дарга биш өөр хүн байсан" хэмээн залруулга хийсэн. Түүний бичсэн утасны дугаараар нь шүүж үзэхэд "Мандах", "Мандаа" гэх хүний нэр гарч ирдэг. Тэр хүнийг огт танихгүй. 

Мэдээллийг үнэн зөвөөр нь нягталж, бодит байдлыг тогтоолгүйгээр миний нэр, зураг, албан тушаалыг нийтэд түгээж байгаа нь миний гэр бүл, аав ээж, ах дүүс, эхнэр, хоёр хүүхдэд маань маш сөргөөр нөлөөлж байна. Хүний алдар хүндэд баримт нотолгоогүйгээр халдаж, өөр хүний хувийн амьдралын асуудалд хөндлөнгийн хүний зургийг холбон гүтгэх нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг үндэслэлтэй. Миний эхнэр одоо бие давхар, аав ээж маань 70 гарсан тэтгэврийн хүмүүс бий. Би өөрөө хоёр хүүхдийн эцэг хүн. Хийгээгүй, оролцоогүй үйлдлийнхээ төлөө ингэж орон даяар гүтгүүлэн зогсох нь үнэхээр хүнд, сэтгэл зүйн асар их дарамттай байна. 

Би Бээжингийн Зам харилцааны их сургуулийг төгссөнөөс хойш энэ мэргэжлээрээ төмөр замын салбарт 20 гаруй жил тасралтгүй зүтгэж яваа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-ын цахим хуудаст хуулийн дагуу нээлттэй байдаг жирийн л төрийн албан хаагч гэв. 

Тэрбээр өөрийн гэм буруугүйг нотлох үүднээс:

  • 11 дүгээр сарын 1 буюу асуудал яригдаж буй өдрүүдэд өглөө 11:00 цагийн орчимд гэрээсээ гарч, гэр бүлтэйгээ салхинд яваад орой 18:00 цагийн орчимд гэртээ буцаж ирсэн цаг минутын бичлэг, баримтууд бүрэн бэлэн байгаа;
  • Тус бичлэг, флаш диск дэх баримтуудаа хууль хяналтын байгууллагад гарган өгөхөд бэлэн болгосон;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газарт өөрийн нэр төрөө сэргээлгэх, гүтгэлгийн үнэн зөвийг тогтоолгохоор өргөдөл гомдол албан ёсоор гаргасан тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, үндэслэлгүй мэдээллийг няцаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх бүх хууль ёсны арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.