14 давхарт дүүжлэгдсэн солонгос иргэний амийг Монгол иргэн Б.Занданбат аварчээ
БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Дангжин хотод орон сууцны 14 давхрын гадна хананд дүүжлэгдсэн ажилтны амийг нүүлгэлтийн ажилтан, Монгол иргэн Б.Занданбат өөрийн гараар татан авч, амь насыг нь аварчээ. Энэ талаар БНСУ-ын хэвлэл, цахим орчинд мэдээлж байгааг хүргэж байна.
Осол тус хотын нэгэн орон сууцны хороололд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон байна. Барилгын 14 давхрын гадна хананд ажиллаж байсан ажилтны хамгаалалтын бүс гэнэт тасарч, агаарт дүүжлэгдэн доош унах ноцтой нөхцөл байдал үүсжээ. Энэ үеэр эсрэг талын байранд тавилга нүүлгэх ажил гүйцэтгэж байсан Б.Занданбат тусламж эрэн хашхирах чимээг сонсоод ажлаа орхин туслахаар гүйсэн байна.
Тэрбээр аврах албаны 119 дугаарт дуудлага өгөөд зогсохгүй, хором мөч бүр хүний аминд холбогдож байсан тул хохирогчийн дүүжлэгдсэн 14 давхрын айл руу шууд гүйн очжээ. Улмаар тухайн айлын тагтаар гарч, хашлага даван нүцгэн гараараа дүүжлэгдсэн ажилтнаас барьж авсан аж. Тухайн иргэний нэг гар агааржуулагчийн гадна төхөөрөмжид тээглэсэн байсан бөгөөд айдсаас болоод өөрийгөө тогтоох тэнхэл нь бүрэн алдарсан байв. Ийм хүнд үед насанд хүрсэн хүний бүх биеийн жинг ганц хүний хүчээр тогтоон барьж, дотогш татах нь асар их эрсдэлтэй үйлдэл байлаа.
Аврах ажиллагааны явцад Б.Занданбат солонгос хэлээр сэтгэл санааг нь дэмжиж, татаж гаргана гэдгээ удаа дараа хэлж тайвшруулсаар эцэст нь өөрийн бүх хүч чадлыг шавхан тагтны дотогш амжилттай татаж оруулсан байна. Тэрбээр дахин дахин "Ах аа, надад итгээрэй!" хэмээн хэлж байжээ. БНСУ-д долоон жил ажиллаж, амьдарч байгаа түүний авхаалж самбаа, шийдэмгий чанар хүний амийг үхлийн аюулаас хамгаалж чадсан юм.
Аврагдсан ажилтан долоо хоногийн дараа өөрийн биеэр ирж, нулимс дуслуулан гүнээ талархсанаа илэрхийлжээ. Б.Занданбат тухайн үйл явдлын талаар «Хэрэв би тэр даруй туслаагүй бол тэр хүн шууд унах аюултай байсан. Аюулд орсон хэнийг ч байсан аврахын төлөө туслах байсан» хэмээн өгүүлсэн байна. Энэхүү баатарлаг үйлдлийн тухай мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд «Yonhap News», «Maeil Newspaper», «Financial News» зэрэг томоохон хэвлэлүүдээр нийтлэгдэж, олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ хүлээгээд байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.