🔴Д.Амарбаясгалан: Улс төрийн тойргоос гарсан Г.Занданшатарт "Ухсан нүхэндээ унав аа!" гэдгийг сануулмаар байна

AI хөрвүүлсэн
🔴Д.Амарбаясгалан: Улс төрийн тойргоос гарсан Г.Занданшатарт "Ухсан нүхэндээ унав аа!" гэдгийг сануулмаар байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан намын дотоод уур амьсгал, улсын төсөв болон Бортээгийн ордтой холбоотой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

-УИХ санаачилгатай ажиллаж, ардчиллаа улам бэхжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Сэтгүүлчдийг шүүхийн шийдвэргүйгээр тодорхой хугацаанд буюу 48 цагийн хугацаатай баривчлан хорьдог, цаашлаад эрүүдэн шүүдэг гэх ойлголт, хардлага байгаа бол үүнийг засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Хотын дарга асан Х.Нямбаатарын илэрхийлсэн байр суурийн талаар нэг их дэлгэрүүлж ярих сонирхол алга. Монгол Улсын хувьд улс төрийн түвшиндээ эв нэгдлээ хангах, харилцан ойлголцлыг бий болгох, улс төрийн намууд болон улс төрчид зөвшилцөл гэдэг чухал зүйлийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой. 

Хүнийг гүтгэсэн асуудал байвал нэр төр сэргээлгэх гомдлыг Монгол Улсын Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цагдаагийн байгууллага, шүүх хариуцан шийддэг. Гэтэл яагаад АТГ-т хандаж байгааг нь гайхсан. Үүнийг цэвэр улс төр гэж харж байна. Маш өндөр зохион байгуулалттайгаар олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр "АТГ-т шалгуулахаар өглөө", мөн "МАН-аас хөөх гэж байна" гэх мэдээллийг зориудаар түгээлээ. Энэ нь улс төрийн "халуун тогооноос" гарчихсан хүн буцаад тэр тойрогтоо орохын тулд дотор нь байгаа улс төрчидтэй зууралдаж, анхаарлын төвд байх гэсэн л нэг хэлбэр болов уу. Нөгөө талаас, МАН бол олон удаагийн сонгуулийг нийт гишүүдийнхээ нуруун дээр үүрүүлж давж гарсан нам. Хэн нэгэн хүний ганцаарчилсан чадвараар сонгуулийн үр дүн гарчихдаггүй. Намын бодлого тогтвортой, дотоод үйл ажиллагаа, эв нэгдэл хангагдсан үед хатуу электорат нь нэгдэж сонгуульд саналаа өгдөг соёлтой. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ намыг дотор нь хагалан бутаргах ажлыг Г.Занданшатар гэдэг хувь хүн маш өндөр оролцоотойгоор зохион байгуулж байна. 

Д.Сумъяабазар дарга бид хоёр муудалцаад, хүмүүсийн өмнө хэрэлдэж явсан тохиолдлыг би хувьдаа санахгүй байна. Ер нь манай улс төрчид жижигхэн зүйл дээр хов жив ярьдгаа болих хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл, сошиал орчин дахь жижиг сажиг мэдээллээс болж бие биедээ гомддог, туньдаг, харддаг байдал байсаар байна. Нийгмийн ёс суртахуун, соён гэгээрлийг дээшлүүлэхэд улс төрчид, урлаг соёл, спортын алдартнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтдаа анхаарах ёстой. Улс төрчдийн алдаа дутагдлыг ил тод шүүмжилж, ололт амжилтыг нь дэмжиж урамшуулах нь чухал болохоос биш, жижиг сажиг хэрүүл маргааныг дэвэргэж сурвалжлахгүй байхыг хүсье. 

Шинэ Ерөнхий сайд, Засгийн газар анхны том төсвөө өргөн барьж байна. Эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан төсвийг тэлэх, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэх бодлого баримталж байгаа нь зүйн хэрэг. Гэвч өнөөгийн нөхцөлд хамгийн хүндрэлтэй асуудал бол инфляц, үнийн өсөлт бөгөөд энэ нь ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Тиймээс эдийн засагчдын зөвлөж байгаагаар урсгал зардлыг боломжоороо хумих, оновчгүй хөрөнгө оруулалтыг танах бодлогыг УИХ-ын түвшинд хэрэгжүүлэх нь зөв. Төсөв бол хэн нэгэн гишүүний ганцаараа зүтгүүлсэн бодлогоор батлагдах ёсгүй. 

Бортээгийн ордтой намайг ямар ч холбоогүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр аль хэдийнэ гарчихсан байгаа. Намайг тус ордыг эзэмшдэг гэж бичсэн нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын асуудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, шийдвэр гарсан. Энэ нь зүгээр л "нүүрсний хулгай" гэх том сэдвийг бүдгэрүүлж, дарахын тулд Д.Амарбаясгалан болон түүний тойрны хүмүүсийг улс төрийн зорилгоор хэрэгт холбогдуулан цохих гэсэн хэрэгсэл байсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.