ОХУ-д зүрхний хэм алдагдлыг спиртээр эмчилнэ
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Е.Н.Мешалкины нэрэмжит Үндэсний судалгааны төв болон Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Органик химийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран зүрхний хэм алдагдал буюу аритмийг эмчлэх шинэ бэлдмэл гарган авчээ.
Уг эмийн бэлдмэл нь этилийн болон изобутилийн спиртийн холимог дээр химийн тогтворжуулагч болох дисульфирамыг нэмсэн найрлагатай аж. Энэхүү технологи нь ердийн эмийн эмчилгээнд үр дүн өгдөггүй өвчтөнүүдийг эмчлэхэд зориулагджээ. Эмчилгээний явцад 1-4 миллилитр уусмалыг зүрхний титэм синуст тусгай баллонтой катетераар дамжуулан оруулснаар эмгэг импульс үүсгэж буй зүрхний булчингийн хэсгийг хяналттайгаар гэмтээж, склерозжуулах үйлчлэл үзүүлдэг байна.
Эрдэмтэд хулгана, харх болон гахай зэрэг амьтад дээр хийсэн эмнэлзүйн өмнөх шатны туршилтуудыг бүрэн дуусгаж, технологийн үр нөлөө хийгээд аюулгүй байдлыг нотолжээ. Туршилтын эхний багцыг Томск хотын Сибирийн улсын анагаах ухааны их сургуулийн олон улсын GMP стандартын лабораторид бэлтгэж, чанарын паспорт авсан байна. Эмнэлзүйн нэгдүгээр шатны туршилтад зүрхний хэм алдагдалтай 50 сайн дурын оролцогч хамрагдах бөгөөд өвчтөн бүрийг 30 хоногийн турш ажиглаж, бэлдмэлийн аюулгүй байдлыг баталгаажуулахаар зорьж байна.
Шинэ технологи нь эмчилгээний зардлыг мэдэгдэхүйц бууруулах эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Өнөөгийн байдлаар интервенцийн аритмологийн зарим арга, хэрэглэгдэхүүний өртөг 300 мянган рубльд хүрдэг бол шинэ эмийн тооцоолсон үнэ ойролцоогоор 15 мянган рубль болох ажээ. Эмнэлзүйн бүх шатны сорил амжилттай үргэлжилбэл бэлдмэлийг 2029–2030 он гэхэд эрүүл мэндийн салбарын практикт бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:
• life.ru
• news.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.