АНУ-д жирэмсэн эмэгтэйн аминд хүрсэн цагдаа асны шүүх хурал эхэллээ
АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын Холбооны шүүхэд 23 настай Сандра Бёрчморын үхэлд буруутгагдаж буй цагдаагийн алба хаагч асан Мэттью Фарвеллын шүүх хурал болж байна.
Холбооны прокурорын зүгээс арван долоо хоногтой жирэмсэн байсан хохирогчийг хөнөөсөн, гэрчийг устгасан болон хэвлий дэх ургийн амийг бүрэлгэсэн хэрэгт түүнийг яллаж байгаа бол шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна.
Цэцэрлэгийн туслах багш Сандра Бёрчморын цогцсыг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Кантон дахь орон сууцнаасаа хүзүүндээ спорт цүнхний оосор уясан, шүүгээний бариулаас холбогдсон байдалтайгаар олсон байдаг.
Тухайн үед орон нутгийн болон мужийн хууль сахиулах байгууллагууд түүний үхлийг амиа хорлолт гэж үзэж байсан юм. Харин холбооны прокурорууд хэргийн газрын нөхцөл байдлыг аллагыг нуун далдлах зорилгоор зориуд зохион байгуулсан гэж үзэн, Мэттью Фарвеллыг албан ёсоор яллагдагчаар татжээ.
Хэрэг гарах өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 1-нд хүчтэй цасан шуурга болж байсан бөгөөд хохирогч эмэгтэй хүүхдийн тэрэг захиалж, өрөөний тавилга үзэн ээж болох бэлтгэлээ хангаж байжээ. Гэвч 21:07 цагт Фарвелл Бёрчмор руу уулзах хүсэлт бүхий зурвас илгээсэн бөгөөд хохирогч хаалга онгорхой байгааг мэдэгдсэн байна. Үүнээс долоон минутын дараа хяналтын камерт Фарвелл түүний байр руу орж, ойролцоогоор 30 минут байгаад гарч явсан нь бичигджээ. Энэ нь талийгаач бүсгүйн илгээсэн хамгийн сүүлчийн зурвас байсан юм.
Мөрдөн байцаалтын явцад Бёрчморын утас болон зөөврийн компьютерээс нийт 40 мянга орчим мессежийг илрүүлсэн бөгөөд талууд эдгээр баримтыг шүүхэд өөр өөр өнцгөөр тайлбарлаж байна.
Прокурорын дүгнэлтээр уг зурвасууд нь хохирогчийг 15 настай сурагч байхаас эхэлсэн нь 27 настай, гэр бүлтэй цагдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бэлгийн харилцаанд уруу татаж байсны нотолгоо болж байна гэжээ. Түүнчлэн жирэмслэлтийн улмаас үүссэн зөрчил хурцдаж, насанд хүрээгүй хүнтэй холбогдсон гэмт үйлдлээ нуун дарахын тулд түүнийг хөнөөсөн гэж үзжээ.
Харин өмгөөлөгчдийн зүгээс талийгаачийг сэтгэл гутралд орж, харилцааны асуудлаас үүдэн амиа хорлосон хэмээн нотолж байна. Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны шинжилгээгээр ургийн биологийн эцэг нь өөр эрэгтэй болох нь тогтоогдсон тул Фарвеллд аллага үйлдэх сэдэл байгаагүй гэж хамгаалалтын тал няцааж байна.
Тангарагтны шүүх цахим зурвас болон хөдөлшгүй баримтуудад үндэслэн эцсийн шийдвэрээ гаргах юм.
Эх сурвалж:
• kvia.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.