🔴Мал нядалгааны газруудын бохир ус шинэ Төв цэвэрлэх байгууламжийг доголдуулж байна

🔴Мал нядалгааны газруудын бохир ус шинэ Төв цэвэрлэх байгууламжийг доголдуулж байна

Улаанбаатар хотын баруун бүс буюу Эмээлт орчим нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнээс алслагдсан байршил юм. Тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд, тэр дундаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд бохир усаа тусгайлан бэлтгэсэн цооногт төвлөрүүлж, улмаар зориулалтын машинаар зөөвөрлөн төв шугамд нийлүүлж байна. Эмээлтэд хамгийн ойр байрлах төв шугамын хүлээн авах цэг нь “Монос”-ын бохир ус зөөвөрлөн нийлүүлэх цэг юм.

Уг цэг нь угтаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийн зөвхөн ахуйн хэрэглээний бохир усыг хүлээн авах зориулалттай. Харин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрийн талбайдаа урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулан, бохир усаа "MNS 6561" стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэсний дараа тус цэгээр дамжуулан нийлүүлэх хууль ёсны үүрэгтэй байдаг.

Гэтэл шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод нэг жилийн хугацаа өнгөрч буй энэ үед Эмээлт орчмын мах нядалгааны үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй, цус, сэвс, гэдэс дотор болон өөх тосоор бохирдсон хаягдал усыг төв шугам руу шууд нийлүүлсээр байна. Үүний улмаас шинээр ашиглалтад орсон цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, технологийн ноцтой доголдол үүсэх эрсдэл бий болоод байна.

Шинэ цэвэрлэх байгууламжаас цэвэрлэсэн усны тодорхой хэсэг буюу хоногт 50 мянган шоо метр усыг "Ус дахин боловсруулах үйлдвэр"-т дахин гүн боловсруулалт хийж, ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн технологийн хөргөлтийн усанд нийлүүлдэг. Гэтэл нийлүүлж буй бохир усны түвшин стандартын хэмжээнээс хэт өндөр байгаа нь цэвэрлэх байгууламжийн технологийг доголдуулаад зогсохгүй, Ус дахин боловсруулах үйлдвэрийн үйл явцыг алдагдуулж, цаашлаад ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн найдвартай ажиллагаанд нөлөөлөн Монгол Улсын эрчим хүч, дулааны салбарт хүндрэл үүсгэх түвшинд хүрч болзошгүй болоод байна.

Угтаа бойны үйлдвэрүүд эхний ээлжид хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй шүүр, элс, тос баригч бүхий анхан шатны тоног төхөөрөмж суурилуулж, улмаар органик бохирдол болон цусыг ялгах зориулалт бүхий физик-химийн цэвэрлэгээний байгууламжийг ажиллуулах ёстой. Ингэж урьдчилан цэвэрлэж, стандартын түвшинд хүргэсэн усыг зөөвөрлөн төв шугамд нийлүүлэх горим мөрдөгдөх шаардлагатай байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдэд анхан шатны наад захын шүүлтүүр, төхөөрөмж ч алга байна.

Эмээлтийн мах нядалгааны үйлдвэрүүдээс авсан энэ оны бохир усны сорьцын нэгдсэн дундаж шинжилгээгээр:

  • Умбуур бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 90 дахин,
  • Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 100 дахин,
  • Нийт азотын агууламж 170 дахин их буюу хэт өндөр бохирдолтой гарчээ.

2018 онд гарсан Нийслэлийн Засаг даргын 73 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын шаардлагатай бүх үйлдвэр, аж ахуйн нэгжийг дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулж ашиглахыг үүрэг болгосон байдаг. Ус сувгийн удирдах газар (УСУГ)-аас уг шаардлагыг тус бүсийн аж ахуйн нэгжүүдэд тасралтгүй тавьж ирсэн боловч өнөөдрийг хүртэл Эмээлт орчимд урьдчилан цэвэрлэх байгууламж бүрэн суурилуулж, стандартын дагуу усаа цэвэршүүлэн нийлүүлж буй нэг ч үйлдвэр байхгүй байна. Хэдхэн томоохон үйлдвэр анхан шатны аргаар сэвс, том өөх тосыг шүүж байгааг эс тооцвол нийтлэг байдлаар дүрэм, журам хэрэгжихгүй байгаа нь байгаль орчин болон хотын инженерийн дэд бүтцэд томоохон эрсдэл дагуулсаар байгааг УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүн хэлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.