🔴С.Бямбацогт: Алаагүй баавгайн арьсыг арав хуваах гэж ярьдаг шиг олох орлогоо хуваарилах тал дээр маргалдсаар эцэстээ аль ч үгүй боллоо

AI хөрвүүлсэн

Засгийн газраас Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээс нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна. 

Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.

Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт: 

-Монгол Улсын Их Хурал 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан цагаас эхлэн уг гэрээ нь монголчуудад ашиггүй болсон тул сайжруулах шаардлагатай талаар үе үеийн УИХ-ын гишүүд болон Засгийн газрын түвшинд хөндөж ирсэн. Ийнхүү 2009 оноос хойш 17 жилийн хугацаанд тодорхой бодит үр дүнд хүрч чадаагүй байсан юм. Харин өнөөдөр Засгийн газар, тэр дундаа холбогдох сайд нар болон ажлын хэсэг үр дүнтэй ажилласны дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа. Тухайлбал, 2037 оноос хүртэхээр тооцогдож байсан ногдол ашгийн хугацааг 10–11 жилээр наашлуулж, 2026-2027 оноос хүртэх боломжийг бүрдүүлсэн нь энэхүү ажлын бодит үр дүн. Уг хэлэлцээрт УИХ-ын гишүүд идэвхтэй оролцсон бөгөөд миний бие ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ энэхүү асуудалд хатуу байр суурь баримталж ирсэн.

Засгийн газраас Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тооцоолж, уг хөрөнгийн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан. Харин үлдсэн 2 их наяд төгрөгийг улс орны нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх, иргэдийн амьдралд нэн тулгамдсан дараах гурван гол чиглэлд зарцуулахаар

Нэгдүгээрт, эрчим хүчний салбар: Өнөөдөр Монгол Улсад эрчим хүчний хомсдол нүүрлэж, өвлийн цагт дулаан, цахилгаантай байх эсэх нь тулгамдсан асуудал болоод байна. Иймээс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд болон цахилгаан дамжуулах томоохон шугам сүлжээг шинээр барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Хүний амьдралын анхдагч хэрэгцээ болох хоол, хувцас, ая тухтай орчны зэрэгцээ цахилгаан, дулаан нь иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон тул энэ салбарыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, авто зам, дэд бүтэц: Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд аймгуудыг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбох нь эдийн засгийг тэлэхэд онцгой ач холбогдолтой юм. Ингэснээр иргэд тээврийн зардал, шатахуун, цаг хугацаагаа хэмнэж, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөл бүрдэнэ.

Гуравдугаарт, боловсролын салбар: Монгол Улсыг зөвхөн уул уурхай бус, харин оюунлаг иргэд хөгжүүлнэ. Иймд аймаг бүрд олон улсын "Кембриж"-ийн хөтөлбөрийн стандарт бүхий сургуулиудыг барьж байгуулан, зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг олгохоор төлөвлөсөн байв.

Гэвч УИХ-ын түвшинд олон талын зөрүүтэй байр суурь илэрхийлэгдсэний улмаас Засгийн газар өргөн барьсан нэг удаагийн хуулийн төслөө арга буюу эргүүлэн татсанд харамсаж байна. Монголчууд "Алаагүй баавгайн арьсыг хуваах" гэж ярьдаг шиг олох орлогоо хуваарилах тал дээр маргалдсаар эцэстээ аль ч үгүй хоцрох нөхцөл үүслээ. Иймд цаашид улсын төсөв батлах үеэр УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн тогтоол гаргаж, ногдол ашгийг түргэн хугацаанд авах үйл явцыг баталгаажуулан, түүнийг эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн үр өгөөжтэй байдлаар зарцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Мөн түүнчлэн "Онтре"-гийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, эсхүл шилжүүлэхээр тохирсон гэх яриа гарч байгаа ч энэ асуудлыг зөвхөн УИХ шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсантай адил Засгийн газар холбогдох төслөө боловсруулан УИХ-д өргөн барьж, зөвхөн парламентын түвшинд хэлэлцэн эцэслэнэ. УИХ-ын шийдвэргүйгээр Засгийн газар дур мэдэн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ямар ч эрх зүйн боломж байхгүй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.