Дүүжин замын тээвэр: Гэнэт хурд авах, огцом зогсох, савлах зэргээр системийн аюулгүй байдлын туршилт үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр: Гэнэт хурд авах, огцом зогсох, савлах зэргээр системийн аюулгүй байдлын туршилт үргэлжилж байна

Дүүжин замын тээврийн үйлдвэрлэл, технологиор дэлхийд тэргүүлэгч Францын “Пома групп” нь нийт 90 орчим оронд 8000 гаруй дүүжин замын тээврийн байгууламж, систем суурилуулж угсарчээ. Өнөөдрийн байдлаар тус группийн инженерүүд нийслэл Улаанбаатар хотоос гадна 30 гаруй оронд дүүжин замын тээврийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

“Пома групп” нь дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө аюулгүй байдал, даац, механик тоноглол, цахилгаан удирдлага, ослын үеийн болон аврах ажиллагааг олон үе шаттайгаар туршиж нягталдаг. Тухайлбал, даацын туршилт хийхдээ кабинд хүн суулгалгүйгээр ус, элс, эсвэл тусгай жин ашиглаж бага, дунд ачаалалтай үед систем хэрхэн ажиллаж байгааг нарийвчлан шалгадаг байна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт эхлэх үед, хурд авах, мөн гэнэт удаашралт болон огцом зогсох, савлах үеийн тогтвортой байдлыг нарийвчлан баталгаажуулахаас гадна кабины хэв гажилт, бэхэлгээний сулрал, хэвийн бус чичиргээг хэмжих туршилтуудыг тасралтгүй явуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Яармагаас Хархорин чиглэлд барьж буй төслийн туршилтын ажлуудыг хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар төслийн хамгийн чухал буюу онцгой нөхцөлд ажиллах тоормосны системийг туршиж байна. Энэ нь системийн аюултай нөхцөлд найдвартай зогсож байгаа эсэх, хэвийн ажиллагааны үед кабиныг зөв зайд, жигд зогсоож байгаа эсэх зэрэг хурд сааралтын үзүүлэлтүүдийг техникийн шаардлагатай харьцуулан аюулгүй байдлыг баталгаажуулж байна.

Цаашид төслийн цахилгаан, автомат удирдлага болон хамгаалалтын системийн туршилтыг хийнэ. Тухайлбал, хаалга бүрэн хаагдаагүй үед кабин хөдөлгөөн эхлүүлэхээс хамгаалагдсан эсэх, цахилгаан тасрах, мэдрэгч гэмтэх, удирдлагын систем алдаа заах үед аюулгүй төлөвт хэрхэн шилжиж буйг шалгах бөгөөд энэ нь зөвхөн төхөөрөмж тус бүрийг бус, бүх хамгаалалт хоорондоо уялдаатай ажиллаж байгаа эсэхийг нягталдаг ажээ. Мөн цаг агаарын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж буйг нягтлах шалгалтыг үе шаттай явуулна. Ингэхдээ салхины хурд, чиглэлийн хязгаарлалт, кабины савлагаа, тулгуур болон тросстой шүргэлцэх эрсдэлийг үнэлэх, хүйтэн, мөстөлт, цас болон хур тунадасны нөлөөг төслийн нөхцөлд тохируулан эрсдэлийг тооцож ажиллах юм.

Хамгийн чухал туршилт нь аваарийн үед зорчигчдыг хэрхэн аврах талаарх системийн ажиллагааг хянана. Энэ хүрээнд НОБГ-тай хамтран аюулгүй ажиллагааны журам боловсруулан бэлтгэл ажлыг хангаж, үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.