🔴Ж.Мядагбадам: Тухайн газруудыг хотын дарга асан Х.Нямбаатараас аваагүй гэдгээ шүүхээр нотолно

AI хөрвүүлсэн
🔴Ж.Мядагбадам: Тухайн газруудыг хотын дарга асан Х.Нямбаатараас аваагүй гэдгээ шүүхээр нотолно

“Эгүүр.мн” сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч Ж.Мядагбадам цаг үеийн асуудал болон өөртэй нь холбоотой гарсан мэдээллүүдэд тайлбар өглөө. Тэрбээр иргэн Г.Уянгаас гаргасан мэдээлэл болон нийгмийн сүлжээнд тархсан асуудлуудад баримттай хариулт өгч, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр Иргэний хэргийн шүүхэд албан ёсоор хандаж буйгаа мэдэгдэв.

"Эгүүр.мн" сайтын эрхлэгч Ж.Мядагбадам: 

-Аравдугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Уянга "Хотын дарга асан Х.Нямбаатар захирамж гарган иргэн Ж.Мядагбадамд нэг өдөр найман газар олгосон. Үүнээс үүдээд Туулын хурдны замыг эсэргүүцэх ажил дээр "Эгүүр" эс үйлдэхүй үзүүлсэн" гэх утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээсэн.

Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн энэ сошиал хөөс намдахгүй байсан ч би хуулийн хүрээнд хандахаар харзнаж байлаа. Хотын дарга асан Х.Нямбаатараас авсан зүйл байхгүй тул Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөнгөн хохирол нэхэмжлээгүй, иргэн Г.Уянгаас мэдээлэл түгээсэн хэлбэрээрээ албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байгаа. 

2012 онд анх салхинд гарч явахдаа энэ газрыг олж харж, модон хайс, дугуй зоож хөөцөлдсөөр 2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн дагуу нэг газар авсан. Үүний дараа тойроод Баян-Өлгий аймгийн харьяатай зургаан ах дүүсийн хоёрынх нь эзэмшилд газар байсан. Би тэнд гэр барьж, мод тарьж эхэлсэн бөгөөд 2020 оноос хойш тухайн иргэдтэй уулзан худалдаж авах санал тавьсан ч зөвшөөрдөггүй байв. Ингээд 2024 оноос хойш нэг нэгээр нь худалдан авах процесс эхэлсэн. Арын хоёр газрыг нь мод тарих зорилгоор нэмж худалдаж авсан. 

Ингэж 2025 оны сүүл хүртэл иргэдтэй уулзах, хянан баталгаа хийлгэх, татвар төлөх зэрэг процесс хоёр жил орчим үргэлжилсэн. 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр бүх бичиг баримтаа нэгтгэн өгснөөр захирамж нь 2026 оны нэгдүгээр сард зэрэг гарч таарсан. Үүнийг нийгэмд "нэг өдөр найман газар авсан" мэтээр буруугаар мушгин ойлгууллаа.

Эдгээр найман газар нь 2005-2023 оны хооронд арав гаруй хүн дамжсан газар байсан. Би дүүргийн Газрын албанд очиж, татвараа төлөөд хуулийн дагуу эрхээ шилжүүлж авсан. Иргэн хүнийхээ хувиар нэр дээрээ хууль ёсоор авсан. Нийтдээ нэг газрыг 1.5-20 сая төгрөгөөр, нийт 100 орчим сая төгрөгөөр цуглуулж худалдаж авсан. 

Иргэн н.Хүчитбаатарт хамаарах тэр газрууд нь бид шүүхийн байгууллагаар орж, бид гэрлэлтээ цуцлуулснаас хойш тухайн иргэнд үүссэн өмчийн мэдээлэл. Би иргэн Г.Уянгыг мэдээлэл хийсний дараа л тийм газруудтайг нь мэдсэн. 

“Эгүүр.мн" сайт 2019 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 100 гаруй мянган мэдээ бэлтгэж, өдгөө 10-20 хүнийг тогтмол цалинжуулан ажиллаж байна. Хэвлэлийн салбарын зах зээл дээр редакцын бүтэцтэй сайтуудад төрийн болон хувийн хэвшлийн гэрээ 50/50 харьцаатай байдаг. Бидний хувьд үүнийг хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэхийг зорьдог. Төртэй болон хувийн хэвшилтэй хамтран ажиллахдаа гүйцэтгэсэн контент, гэрээ, ажлын актаар тайлагнаж байж санхүүжилт орж ирдэг.

Манай сайт хамтран ажиллах гэрээндээ "Энэхүү гэрээний төлбөр нь хаалтын гэрээний утга болохгүй, дарга дагасан сурвалжилга мэдээлэл хийхгүй" гэдгээ маш тодорхой зааж өгдөг. Шилэн дансан дээр гарсан 200-300 сая төгрөгийн гэрээний асуудал нь бүтэн жилийн турш хийгдсэн ажлууд. Бид хэн нэгнийг өмөөрч, хаалтын гэрээ хийгээд гүйж байх завгүй, бүтэц бүрэлдэхүүнээрээ ажилладаг редакци. 

Х.Нямбаатартай холбоотой нийтлэлийг би өөрөө бичсэн. Европын өндөр хөгжилтэй хотуудад соёл, ёс суртахуун нь засагладаг бол манай хотод ажил хийдэг, харизматай хүн засаглахаар нөхцөл байдалтай байна. МАН дотроо талцаж пижигнэж байх үед, ид хавар Х.Нямбаатарыг авч хаях гээд байх үед нь миний бичсэн нийтлэл юм. Тэр нийтлэлийн гол санаа нь "Энэ хүний эхлүүлсэн, хотоор нэг хуулж хаясан баахан ажлын үүрэг хариуцлагыг энэ хүнд нь өөрт нь үүрүүлээч, ажил хийдэг хүн хэрэгтэй" гэсэн утгатай байсан. Түүнээс биш би тэр хүнтэй холбоогүй, 2024 оны сонгуулиар намайг цагдаад өгч л байсан хүн.

Туулын хурдны замыг сэтгүүлчийн хувьд баригдаасай гэж бодож дэмжсэн. Хотын түгжрэл 30 хувиар буурч, замууд өргөн урсгалтай болно гэдэг үүднээс л байр сууриа илэрхийлсэн. Гэтэл нийгэмд "дэмжсэн нь мэргэжлийн бус, эсэргүүцсэн нь мэргэжлийн" гэсэн зохиомол тодотгол үүсгэчихсэн. Үүгээр дамжуулан Х.Нямбаатартай хаалтын гэрээ хийсэн зүйл огт байхгүй. 

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарч байна. Нэг нам олон жил засаглаж байгаа энэ үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарыг олон нийтэд үзэн ядуулах, жигшүүлэх зохион байгуулалттай операци өрнөж байна. Үүнд нь миний дүр таарч, нэг иргэний 1-2 жилийн турш цуглуулан худалдаж авсан газрын бичиг баримтыг нэг өдөр өгснөөс үүдэлтэй асуудлыг мушгин улс төржүүллээ. Монголд хүн хөдөлмөрлөж, аж ахуйч байж чадвал 5-10 саяар газар аваад арчлаад явах бүрэн боломжтой. Би газраа хөдөлмөрөөрөө тордож, мод тарьж ирсэн. Шүүхийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэж, үнэн мөнийг тогтоолгоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.