🔴З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй
Ирэх оны улсын төсвийн төсөлд Хүүхэлдэйн театр болон Хүүхдийн номын ордны шинэ барилгын төсөв хасагдсан асуудлаар Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул байр сууриа илэрхийлж, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул:
-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Гараасаа хөтөлсөн хүүхэдгүй хүн гэж үгүй" хэмээх үг бий. 1990-ээд оноос өмнө төрөөс хүүхдийн төлөө онцгой анхаарч, фонд хүртэл ажиллуулан, амралтаар нь Улсын цирк, Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, "Хүүхдийн 100", "Бамбарууш", "Жаргалант" кафе зэрэг соёл үйлчилгээний газруудаар дагуулж явдаг, хүүхдүүд дугуйлан болон тоглоомын талбайдаа чөлөөтэй тоглож хөгждөг байсан. Харин 1990-ээд оноос хойш хүүхдийн олон байгууллагыг хувьчилж, зориулалтыг нь өөрчилснөөр өнөөдөр хүүхэд багачуудын очих газар туйлын хомс болсон.
Өнөөдөр томчууд бид хүүхдүүдээ "дэлгэцийн хамааралтай боллоо, ном уншихгүй байна, урлаг соёл үзэхгүй байна" гэж шүүмжилдэг. Бодит байдал дээр томчууд өөрсдөө хүүхдийн бүх орон зайг хумьж байна. Хүүхэд өөрийнхөө эрхийн төлөө үг хэлж чадахгүй учраас хүүхдэд зориулсан байгууллагууд цөөрсөөр байна. 2020 онд батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", таван жилийн үндсэн чиглэл, жилийн төлөвлөгөө зэрэг бодлогын бүх баримт бичигт Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сан, Хүүхэд залуучуудын театрыг шинээр барихаар тусгагдсан. Гэвч улс орны эдийн засгийн байдал, төсвийн хязгаар гэх шалтгаанаар жил бүр хойшлогдож, хамгийн сүүлд 2026, 2027 оны төлөвлөлтөөс хасагдлаа.
Энд аль нэг байгууллага, албан тушаалтныг буруутгахаас илүүтэй УИХ-ын гишүүд, томчууд бүгд үр хүүхэдтэй гэдгийг санах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд "Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хий" гэж уриалсан. Энэ уриалгыг санаж, хүүхдийн барилгуудыг нэн яаралтай барьж эхлүүлэхийг уриалж байна. Бид 1990-ээд оноос хойш хүүхдэдээ бага анхаарал тавьснаас урлаг соёлгүй, номгүй хүмүүжсэн үеийнхэн өнөөдөр 30 нас хүрчихлээ. Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй.
Бид олон залуусыг гадаадын их, дээд сургуульд сургаж байна. Тэд очоод өөрийн монгол иргэн, үндэстний ондоошлоороо л бахархах ёстой. Хүүхэлдэйн театр, номын сан нь хүүхдийг зөв бурууг ойлгодог, өөрийн гэсэн бодолтой хүн болгон хүмүүжүүлэхэд онцгой үүрэгтэй. Тухайлбал, манай "Миний хөөрхөн шүдний аялал" жүжгийг хүүхдүүд ганцхан удаа үзээд л шүдээ угаадаг болдог. Эцэг эхчүүд үүнийг өдөр бүр хэлээд дийлдэггүй шүү дээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган дэмжиж буй морин хуур хөгжмийн тухай манай жүжгийг үзсэнээр хүүхдүүд өв соёлоо сэтгэлдээ шингээж авдаг. Иймээс Хүүхэлдэйн театр бол зүгээр нэг зугаа цэнгэлийн газар биш, монгол дархлаатай зөв иргэн болгон төлөвшүүлдэг стратегийн чухал байгууллага.
Анх Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон таван жилийн үндсэн чиглэлд туссан. 2023 онд зураг төсөв нь албан ёсоор батлагдаж, Хүүхэлдэйн театр болон Хүүхдийн номын ордны барилга, гадна шугам сүлжээний нийт өртөг 54 тэрбум төгрөгөөр батлагдсан. Гэвч төсөвт сууж чадалгүй хойшилсоор 2025 онд төсөв дахин шинэчлэгдэж, Хүүхэлдэйн театрын барилга 32 тэрбум, Хүүхдийн номын ордон 22 тэрбум, гадна шугам сүлжээ 5.4 тэрбум буюу нийт 60.7 тэрбум төгрөг болон нэмэгдсэн.
2020 онд барилгуудыг барихаар ард түмний дэмжлэгтэйгээр "Хүүхдийн төлөө фонд"-ыг дахин байгуулж, нэг өдрийн дотор 2.2 тэрбум төгрөг цуглаж байсан. Иргэд Хүүхэлдэйн театрын тоосго, хаалга, цементийг нийлүүлж өгье гэж хандиваа өгсөн боловч анх олон нийтийн байгууллагын нэр дээр данс нээсэн шалтгаанаар тус хөрөнгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн. Төрийн байгууллагад шилжсэнээс хойш бүтээн байгуулалтын санхүүжилт гацаанд орсон. Одоогоор тус санд 19-27 орчим тэрбум төгрөг байгаа гэх мэдээлэл байгаа ч 60.7 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгыг бүрэн барихад хүрэлцэхгүй байгаа.
Нийслэлийн Засаг захиргааны хуучин байр буюу "Хангарди" ордонд хүүхдийн шинжлэх ухааны чиглэлийн төв байгуулахаар засвар хийгдэж байгаа ч Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордон нь мэргэжлийн тусгай барилга байгууламж шаарддаг. Хүүхэлдэйн театрын тайз нь гэрэлтүүлгийн тусгай систем, дээд доод хөдөлгөөнт механизм, үлгэрийн баатрууд шалан доороос гарч ирэх, дээрээс буух зэрэг инженерийн өвөрмөц шийдэлтэй байх шаардлагатай байдаг.
21 дүгээр зууны монгол хүүхдүүд орчин үеийн шаардлага хангасан, тохилог орчин, орон зайд соёл урлагийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Иймд УИХ-ын эрхэм гишүүд болон Монголын нийт ард иргэд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордны цогцолборыг барьж байгуулах төсвийг батлуулах, ажлыг эхлүүлэхэд санаачилгатай, тууштай дэмжлэг үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ уриалж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.