Мексикийн алдартай тиктокер бүсгүйн амийг захиалгаар хөнөөсөн картелийн толгойлогчийг баривчилжээ
Мексикийн Халиско мужийн Сапопан хотод 23 настай гоо сайхны блогчин, тиктокер Валерия Маркесийг шууд дамжуулалт хийж байх үед нь буудан хөнөөсөн хэрэгт холбогдуулан хар тамхины картелийн нөлөө бүхий толгойлогч Рамон Анхел Альварес Аяла буюу “Эль Р1”-ийг хууль сахиулагчид баривчилжээ.
Цахим сүлжээнд хэдэн зуун мянган дагагчтай залуу бүсгүй өөрийн гоо сайхны салондоо бэлэг задалж, үзэгчидтэйгээ харилцан шууд бичлэг хийж байх агшинд уг халдлага гарсан байна. Хэрэг гарахаас өмнөхөн хүргэлтийн ажилтан болж зүсээ хувиргасан үл таних этгээдүүд түүнийг сураглаж ирсэн байсан бөгөөд зэвсэглэсэн этгээд салон руу нэвтрэн нэрийг нь бататгаж асуусны дараа цээж болон толгойн тус газар нь хэд хэдэн удаа галлаад мотоциклиор зугтжээ. Аймшигт аллага цахим орчинд шууд дамжуулагдаж, олон мянган үзэгчийн нүдэн дээр өрнөсөн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор, хохирогч бүсгүй Халискогийн Шинэ үеийн картел (CJNG)-ийн зэвсэгт жигүүрийг удирдагч “Эль Р1”-ийн хүү Франсиско Альварестэй үерхэж байгаад харилцаагаа тасалсан нь гэмт хэргийн гол сэдэл болжээ.
Салсандаа өширхсөн Франсиско Альварес эцгээсээ хариу авахыг хүссэн бөгөөд эцэг нь хүргэлтийн ажилтнаар зүсээ далдалсан мэргэжлийн хөлсний алуурчныг бэлтгэж, аллагыг нарийн зохион байгуулсан болохыг эрх баригчид илрүүлсэн байна.
Холбооны аюулгүй байдлын хүчнийхэн Халиско мужийн Атотонилько-эль-Альто хотод зэвсэгт хөөцөлдөөний эцэст “Эль Р1”-ийг баривчилж, чанга дэглэмтэй Алтиплано шоронд шилжүүлжээ. Аюулгүй байдал, иргэний хамгааллын нарийн бичгийн дарга Омар Гарсиа Харфуч мэдэгдэхдээ, Франсиско Альварес өөрийн эцгээр дамжуулан онц ноцтой аллагыг захиалсан баримт бүрэн нотлогдсоныг онцолсон байна. Түүнчлэн саатуулагдсан этгээд нь 2025 оны арваннэгдүгээр сард Уруапан хотын дарга Карлос Манзогийн аминд хүрсэн хэрэгт мөн сэжиглэгдэж байгаа аж.
Гэмт бүлэглэлийн удирдагчийг саатуулж чадсан хэдий ч хүн амины хэргийг өдөөсөн Франсиско Альварес болон бодит гүйцэтгэгч зэвсэгт алуурчин нар одоог хүртэл оргон зайлсан хэвээр байна. Хууль хяналтын байгууллагууд оргогсдыг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд уг хэрэг нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хэрцгий үйлдлийг дахин анхаарлын төвд авчраад байна.
Эх сурвалж:
• dzen.ru
• focus.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.