АНУ, ОХУ-ын түлшний тохиролцоог үл харгалзан Украин цохилтоо үргэлжлүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Оросын дизель түлшийг олон улсын зах зээлд нийлүүлэхээр тохиролцсон ч Украин улс тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх дроны дайралтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.
Цагаан ордны тэргүүн дотоодын шатахууны өндөр үнийг бууруулахын тулд ОХУ-аас дэлхийн зах зээл болон АНУ руу дизель түлш экспортлох хоригийг түр сулруулж, эхний ээлжинд 300 мянган тонн, цаашид 500 мянгаас нэг сая тонн хүртэл нийлүүлэхээр тохиролцсон байна.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ алхмыг дайны зардлыг шууд санхүүжүүлсэн, түрэмгийлэгч талд үзүүлж буй дэмжлэг хэмээн эрс буруушаав. Түүнчлэн уг хоригийг цуцалсны хариуд Оросын тал Украины Запорожье муж зэрэг бүс нутгийн энгийн иргэд, орон сууц руу бөмбөг хаяж байна хэмээн мэдэгдсэн юм.
Киевийн өндөр албан тушаалтнууд Financial Times сонинд мэдээлснээр Дональд Трамп, Владимир Путин нарын байгуулсан гэрээг үл харгалзан ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд алсын тусгалын дроноор цохилт өгөх ажиллагаа үргэлжилнэ гэдгийг тодотгов. Энэхүү ажиллагааны гол зорилго нь Оросоос АНУ болон олон улсын зах зээлд түлш экспортлох боломжийг бүрэн хааж, Кремлийн дайныг санхүүжүүлэх орлогыг таслан зогсооход чиглэж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын тал Украинаас газрын тосны дэд бүтэц рүү халдах ажиллагаагаа зогсоохыг шаардаж, эс бөгөөс цэргийн болон тагнуулын чухал мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж шахалт үзүүлжээ. Дональд Трамп АНУ-д шатахууны үнэ өссөнд Украины дроны цохилтуудыг буруутгаж, Володимир Зеленскийг хэлэлцээ хийх чадваргүй хэмээн шүүмжлээд Украин шинэ удирдагчтай болох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр Москва, Пермь, Ярославль, Сызрань, Омск зэрэг 2500 км хүртэлх зайд орших томоохон үйлдвэрүүдийг онилсон цохилтын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 51 хувь нь жагсаалаас гарчээ. Kpler болон зах зээлийн шинжээчдийн тооцоолсноор Оросын боловсруулах салбар одоогоор 60 орчим хувийн хүчин чадлаараа ажиллаж, дотооддоо шатахууны хомстолд орсон тул экспортлох дизель түлшний нөөц үнэн хэрэгтээ байхгүй байгааг онцолсон байна.
Ийнхүү стратегийн дэд бүтцийн эсрэг явуулж буй цэргийн цохилтууд нь Вашингтон, Киевийн харилцаанд шинэ санал зөрөлдөөн үүсгээд зогсохгүй Оросын эрчим хүчний экспортын төлөвлөгөө бодитоор хэрэгжих боломжид эргэлзээ төрүүлж эхэллээ.
Эх сурвалж:
• ft.com
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.