Хохирогч эмэгтэйн нагац дүү: Талийгаач эрэгтэй тэр өдөр 21.00 цагийн үед хадлан тэжээлд туслахаар очсон байсан

Хохирогч эмэгтэйн нагац дүү: Талийгаач эрэгтэй тэр өдөр 21.00 цагийн үед хадлан тэжээлд туслахаар очсон байсан

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт намаржиж буй айл руу баавгай дайрч, 55 настай эмэгтэй Н-ийн нүүр, толгойг гэмтээсэн бол тухайн айлын хадлан, намрын ажилд тусалж байсан 40 настай Т-ийн аминд хүрсэн хэрэг гараад байгаа билээ. Нүүр, толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хохирогч эмэгтэйн нагац дүүтэй нь бид ярилцлаа. 

Хохирогч эмэгтэйн нагац дүү:

-Миний нагац эгч байгаа юм. Бурхантын аманд үхэр маллаж амьдардаг. Нохойгүй айл байсан. 

Өчигдөр хамгийн сүүлд 21.00 цагийн үед бэр нь утсаар ярихад ямар нэг зүйл болоогүй байсан. Харин 04.00 цагийн үед хөрш айлынх нь хүмүүс утасдаж, "Баавгай дайрчихлаа. Ээжийг чинь Түргэн аваад явсан" тухай дуулгасан байсан. 

Талийгаач эрэгтэйн хувьд тэр өдөр, 21.00 цагийн үед хадлан тэжээлд нь туслахаар очсон хүн. Ах дүү, хамаатан садангүй, хүмүүст зарагдаад, ажил төрөлд нь туслаад явдаг хүн байсан юм билээ. 

Эгчийн маань хувьд одоо ГССҮТ-ийн Гавал, тархины тасагт толгой боолттой хэвтэж байна. Нүүр болон цээж нь өвдөөд байна гэсэн. Хагалгаа төлөвлөгдөөгүй. Шинжилгээ авч байж хийх эсэхээ шийднэ гэсэн. 

Хуйхыг тэр чигт нь хуулсан. Алга дарам арьс гэх юм үлдээгүй. Хацар нь гэмтэлтэй. Тархины яс цөмөрсөн. Эмч нар "Ирэхдээ цус алдсан. Бие нь муу байна" гэж хэлж байсан. Баавгай шууд л гэрийг нь цөмлөөд ороод ирсэн юм билээ. Бариулаад ухаангүй хэвтэж байхад нь хөршийнхөн нь мэдэж, цагдаа түргэн дуудсан гэсэн. Ойрхон айлуудтай байсан. 

Талийгаач эрэгтэйн хувьд биеийг нь гурав хуваасан. Тал бие нь олдоогүй гэсэн. 

Хүний амьд явах эрх зөрчигдөөд байхад баавгай алах хууль байхгүй гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?! За бид хүнээрээ хохироод өнгөрье. Улс цаашид дахин хүн бариулахгүй байх дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?!...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.